2019.03.19

Н.Амарзаяа: Усалгаатай талбайн асуудал Говийн хээр цөл бүсэд хүндрэлтэй байна

Өнөөдөр /2019.03.19/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх үед УИХ-ын гишүүн Н.Амарзаяа байр сууриа илэрхийлэв.

Энэхүү санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь ХАА-н салбар тэр дундаа хилийн үйлчилгээ, худалдааны асуудал, боомт, бүс нутгийн зам мөн эдийн засгийн чөлөөт бүсийг тодорхойлох гэх мэт дөрөв таван төрөл чиглэлээр хэрэгжих гэж байна. Маш зөв салбаруудаа сонгожээ гэж үзэн дэмжиж байгаа. Эхний ээлжинд аймгуудаа тодорхой болгох, хоёрдугаарт салбарын яамдууд УИХ-ын гишүүний санал бодол аймгууд, нийслэл дүүргүүдийн санал бодлуудыг нэгтгэж холбож байгаа байх гэж бодож байна.

Хөдөө аж ахуйн салбар дээр өмнөх хоёр гишүүнтэй санал нэг байна. Тухайлбал өвлийн хүлэмжийн асуудал, хүнсний ногооны тариалалтын асуудал түүнийг  эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо төдийгүй гадаадад худалдан борлуулах экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгох боломж бол Монгол улсын хөрсөнд бүрэн дүүрэн байгаа.

Тэгэхээр бид энэ асуудал дээр говийн нөхцөл усалгааны асуудлыг, газар тариалангийн бодлогын нь асуудлыг маш бага га талбайд их хэмжээний арвин ургац авах боломжийн асуудлыг шийдэх тал дээр анхаарах хэрэгтэй.

 Жилийн дөрвөн улиралын туршид жимс жимсгэнэ хүнсний ногоо авах боломж манай Говьд байгаа. Үүнийг нар салхины дулаантай холбогдуулан хийх өвлийн хүлэмжийн шинэ технологитой холбогдуулан хийх боломжууд байна. Энэ чиглэл дээр орон нутгийн санал бодлыг тулгуурлан анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсч байна.

Мөн усалгаатай талбайн асуудал бол Говийн хээр цөл бүсэд хүндрэлтэй болж байна. Гадаргын ил ус байхгүй учраас сүүлийн үеийн технологи шингэсэн усалгааны системүүдийн асуудал үүнийгээ дагасан газар тариалангийн хөгжлийн бодлогын асуудлууд дээр илүү анхаарах хэрэгтэй. Мөн газар тариалангийн салбарынхан маань нэгдэж хоршиж буйг дэмжиж хамтын хөдөлмөрийг нэгтгэх хэрэгтэй.

Монгол улсад хэрэгжиж байсан Заган ой, Модон ой гэх мэт маш олон байгууламжууд зэрэг хоёр орны хүрээнд хийгдсэн томоохон ажлууд байгаа үүнийгээ түшиглэн хөгжүүлэх асуудал дээр энэ хөтөлбөр маань яг зорилтот аймагтаа зорилтот  хүндээ бүрэн дүүрэн хүрээсэй гэсэн саналыг уламжилж байна.