Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив
2019.03.20

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.19) хуралдаан 14 цаг 52 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор зургаан төслийг хэрэгжүүлэхээр тогтсон гэв. Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт заасан гэрээг байгуулах хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах шаардлагатай байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, З.Нарантуяа нар асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжив. Иймд Төсвийн байнгын хороо энэ талаарх  санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.