Занданшатар.Г Л.Элдэв-Очир 2019.03.20 | Vip76.mn

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018.05.11-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас, 2018.06.08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн юм. Эдгээр 2 төслийн нэгтгэсэн төслийг чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байна гэж төсөл санаачлагч дурдав 

Одоогийн хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймд чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгохыг зорьжээ. 
Мөн сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасныг хүчингүй болгохоор тусгажээ. 

Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирлээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг нэмжээ.

Монгол улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн их ашигласан тендер ирүүлсэн этгээд буюу дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ч.Улаан нар ажилласан байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй асуудлуудыг тусгажээ гэж Байнгын хороо үзсэн байна. 

Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодитой алхам болно гэж үзжээ.

Түүнчлэн урьдчилан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлэх аж. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг.

Тухайлбал, олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 6 сараас 1 жилийн хугацаа зарцуулагддаг байна. Хугацаас сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг аж.

Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, жигдрүүлснээр худалдан авах ажиллагаа ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гомдол маргаан гарахгүй байхад ахиц гарна гэж тооцсон байна.
Ногоон худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал эрс багасч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд бодитой дэмжлэг болно гэж үзжээ.

Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа тул Засгийн газрын өргөн мэлүүлсэн төслийн зүйл, заалтыг суурь болгох зарчмыг баримтлах, ингэхдээ хуулийн төслийг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн байна.    

Худалдан авах ажиллагаа шилэн байх, мэдээллийг оролцогчдод ил болгох, хууль тогтоомж зөрчсөн бол эрхийг нь хязгаарлах зэрэг асуудлыг журамлан зохицуулах өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан.    

Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээгээр шалгарсан, шаардлага хангасан тендерүүдийг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь харьцуулалтын хамгийн бага үнэ бөгөөд энэ агуулгаар төслийн заалтыг өөрчилсөн байна.    
Засгийн газрын төсөлд үндэслэлгүй гомдол гаргасан бол барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, хяналтыг сулруулсан, түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах иргэний эрхийг хөндсөн байх тул барьцаа төлбөр авах тухай заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.

Үндэслэлгүй гомдол гаргасан бол тендерийн баталгааг улсын орлого болгох, энэхүү хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байх, харин гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгохоор холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ.    
УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн шууд гэрээ байгуулах заалт нь ерөнхий гэрээ, цахим худалдан авах ажиллагааны зохицуулалттай давхацсан, түүнчлэн харьцуулалтын үнийг хоёр дахин бууруулах замаар тендерт оролцогчид давуу эрх олгох заалтын үндэслэл тооцоо байхгүй, гадаадын хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд оролцох босго хэмжээг хуулиар биш УИХ тухай бүр тогтоохоор заасан нь илүү шат дамжлагыг бий болгох тул дэмжих боломжгүй гэж Байнгын хороо үзсэн байна.   

Түүнчлэн хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нээлттэй сонгон шалгаруулалтын журам хэрэглэхгүй байж болохыг төсөлд нэмж тусгасан байна.    Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахдаа Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын санал болгосны дагуу шийдвэрлэхээр заасан нь тодорхой байгууллагыг нэрлэн зааж, түүнд давуу байдал олгохыг дэмжих боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.    

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.