Б.Баттөмөр 2019.03.20 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн яам болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийлээ. 

Дараагаар нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 65 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. 

Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь  буюу Монгол Улсын татварын 29 төрлийг  нарийвчлан заасан хэсэг, түүнчлэн 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмжийг агуулсан 80 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

Мөн төслийн 18 дугаар зүйлд 18.5 дахь хэсэг буюу “Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, төслийн 66 дугаар зүйлд “Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болохыг хориглоно” гэж, төслийн 70 дугаар зүйлд “70.3.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан бол эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 65 дугаар зүйлд зааснаас бусад тухайн татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхгүй” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Харин Ажлын хэсгээс төслийн 81 дүгээр зүйлд “Татварын  хууль тогтоомжийн хэрэгжилтэд өмнө нь гарч байгаагүй нууцлагдмал татварын схем ашиглаж татвараас зайлсхийсэн, зугтсан гэмт хэрэг, зөрчил илрүүлснийг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарч төсөвт орлого оруулсан татварын алба, татварын улсын байцаагчид санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно” гэсэн хэсэг нэмэх саналыг татаж авав. Гишүүдийн зүгээс урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэр тодорхой бус гэж байлаа. 

Түүнчлэн төслийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн “2019 оны 01 дүгээр сары 01 гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж төслийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг “татвар төлөгчийн эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач зээ, хамтран амьдрагч эхнэр нөхөр болон, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх тус тус дэмжив.