О.Баасанхүү 2019.03.20 | Vip76.mn

О.Баасанхүү: Үнэтэй бараа, үйлчилгээ чанартай байдаг гэдгийг санаарай

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Хуулийн төсөл дээрх саналын томьёоллыг эрт өгч байх хэрэгтэй. Энэ хуулийн саналын томьёолол дөнгөж сая миний ширээн дээр ирж байна. Энэ хууль МАН-д зориулсан хууль биш. Ингэж түргэн шуурхай, дэгийн хууль зөрчиж хууль батлах гэж байгаад харамсч байна. Монгол төрөөс хулгай хийх 3 арга бий. Тендер, Концесс, Засгийн газрын тогтоол юм. Өмнөх хууль дээр хамгийн бага үнэ хэлснийг ялуулдаг. Ялангуутаа үнийн дүнг нь нэмээд төсвөөс мөнгө нэхээд ажлаа хийхгүй хэвтчихдэг. Одоо орж ирж байгаа хуульд энэ байдлыг хэрхэн зохицуулж оруулсан бэ?

Чанар үнээ дагадаг. Бараа төдийгүй үйлчилгээ. Чанарыг тодорхойлох арга тендерийн хороонд байхгүй. Мэргэжлийн хүмүүс л чанарыг нь мэднэ. Тиймээс шалгаруулах хороонд тухайн мэргэжлийн хүнийг оруулж болдоггүй юм уу? Төрд чанартай бараа, үйлчилгээ хэрэгтэй байна.

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах тал дээр хэрхэн зохицуулалт оруулж байгаа вэ? Хямд үнэтэй бараа урд хөршид их байна. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нь зүйтэй.”

Түүний асуултанд Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Ц.Энхболд хариулт өглөө.