Ганбаатар.Ж Д.Оюунхорол 2019.03.20 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан батлах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Хуулийн төсөл санаачлагчаас асуух нэг зүйл байна. Энэ хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан юу вэ? энэ хуультай холбоотой олон асуудал явдаг л даа.

Сангийн сайдаас асууя.

  1. Монголын олон жил үйл ажиллагаа явуулсан компаниуд тендерт оролцохоор материал ихэнхдээ буцдаг. Харин шинээр байгуулагдсан компаниуд ялсан байдаг. Энэ ямар учиртай вэ? Давуу эрх олгодог уу?
  2. Энэ хуульд доод үнийн санал гэж бий юу? ЖДҮ эрхлэгч тендэрт оролцох бол үнийн дүнг 10% өсгөнө гэсний 15% болгож өсгөнө гэж ЖДҮ-ийн тухай хуульд оруулсан. Энэ хуультай яаж нийцүүлсэн бэ?
  3. Нийт тендерийн дүнгийн 10%-иас доошгүй дүн нь ЖДҮ-ч нарт олгох ёстой гэж заасан. Дотоодын худалдан авалтад 10%-иас доошгүй байна гэсэн үг. Энэ заалттай яаж нийуүүлсэн бэ?”

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, тус яамны газрын дарга нар хариулт өглөө.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

“Энэ хуулийг шинэчлэн найруулахдаа нээлттэй, эрх тэгш оролцох, авлигаас ангид байх, түргэн шуурхай байлгах талыг анхаарч үзэн боловсруулсан. Байнга тендер авч, чанаргүй бараа үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэрсийг гаргаж “Хар жагсаалт” болгон зарлах ажлыг Сангийн яамнаас гаргана.

Эх оронч худалдан авалтыг дэмжинэ гэж байгаа таны саналыг бодитойгоор дэмжих талаар ажлын хэсэг дээр ярилцсан. 2017 онд төсвийн 1,4 их наяд төгрөгөөр худалдан авалт хийхдээ 46,7 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн байна. Харин 522 сая ам.доллараар импортын бараа худалдан авсан байгаа юм. Тиймээс энэ тоог урвуу болгох тал дээр ажлын хэсэг анхаарч ажиллана.”