Д.Сумъяабазар 2019.03.20 | Vip76.mn

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуултд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр зохицуулагдсан.

Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байна.

Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус, далд үйл ажиллагаа гарах хандлага ажиглагдаж байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү хуулийг хэлэлцэн баталбал, алт олборлогчид 2023 он хүртэл 2.5%-ийн татвар төлөх боломж бүрдэнэ. Харин яг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс алт олборлогчид алтны 5% ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5% гээд 9-10%-ийн татвар төлж байгаа юм. Энэ нь алт тушаалт буурах шалтгаан болж буй. 

Тодруулбал, татварын хэмжээ нэмэгдсэнээр Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 81% буураад буй. 

Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд алт тушаалт нэмэгдэж, 2018 онд 20 тонн алт худалдан авсан. 2017, 2018 онд огцом өссөн алт тушаалтаар Монгол Улс 1.4 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлснийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ээлжит бус чуулганы үеэр мэдээллээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалтаар 66.7% нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихээр болж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдэх үүргийг Эдийн засгийн байнгын хороонд өглөө. 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан 18.00 цагаас эргэн хуралдаж, Татварын багц хуулийг талаар хэлэлцэх юм.