Н.Амарзаяа 2019.03.20 | Vip76.mn

Н.Амарзаяа: Бичил уурхай эрхлэгчдээ дэмжиж, нөхөрлөлд тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“Бичил уурхай эрхлэгчдийн тушааж байгаа алтны хэмжээ нийт тушаалтын хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн уурхайн эдэлбэрээс олборлож байгаа алтны тушаалт, хувь хэмжээ, татварын талаар ярьж байна. Гэтэл хэдэн мянгаараа ажлын байр бий болгоод явж байгаа бичил уурхай эрхлэгчдэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

Тусгай зөвшөөрлөө авая гэхээр өгдөггүй. Олон жил тэнд амьдарч, амьдралаа залгуулаад, нэгдэн нийлж, нөхөрлөл байгуулаад явж байгааг нь хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрөл эзэмшүүлж болох уу? Салбарын яам онцгой анхаарч өгнө үү? Хэдэн жил шийдвэр хүлээж байгаа бичил уурхай эрхлэгчдийн энэ асуудлыг зүй зохистой шат дараатай шийдвэрлэж өгнө үү?”

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.