2019.03.20

Б.Бат-Эрдэнэ: Алтны татварыг 2,5 биш 4 хувьд хүргэх ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Алтны татварыг 2,5% хэвээр үлдээх саналыг дэмжихгүй байна. Ядаж 4%-д хүргэх ёстой гэж үзэж байна. Алтны нөөцийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа нь зөв ч татвар нэмэгдэхээр хилээр гаргаад байна гэдэг. Үүнийг шийдвэрлэх боломж байгаа.

Бүх л аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахдаа төлөх ёстой бүх л татвараа төлж байна. гэтэл нөхөн сэргээлт хийхгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох арга байхгүй байгаа нь төрийн хариуцлагагүйг харуулж байна.

УИХ-д банк, олборлогч компанийн төлөөлөл байж байдаг. Тиймээс эрх ашиг энд дунд харагдаад байгаа юм. Угтаа бол Монгол Улс ашиг сонирхлыг хязгаарлах хууль гарчихаад байгаа. Тиймээс ийм асуудал дээр өөр байр суурьтай байх ёстой гэж үзэж байна.

Онцгой бүсэд байгаа, алт олборлох үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатай л гэж үзэж байна. Жишээ нь Хэнтий аймагт Гутайн давааны шороон орд гэх мэт компаниуд олон бий.”