Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...
2019.03.20

Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...

Жижиг хэмээх тодотголтой орон нутгийн өмчит “Таван толгой” ХК нь  анх 1966 онд байгуулагдаж, 1985 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дэвсгэрт уурхайчдын тосгон нэртэйгээр бууриа засаж төвхнөсөн түүхтэй.

”Таван толгой” ХК-ийн тухайд  өдгөө 52 дахь жилдээ говийн аймгуудын эрчим хүчний нүүрсийг ханган ажиллахын сацуу гадаад зах зээлд нүүрсээ борлуулж, гурван тийшээ татвар төлөн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл "Таван толгой" ХК дангаараа Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогтцэций сумын төсвийн 90 хүртэлх хувийг, улсын төсөвт үлэмж хэмжээний татвар төвлөрүүлэн ажилладагаараа онцлогтой. Энэ утгаараа Монгол Улсад татвар төлдөг дөчөөд мянган аж ахуйн нэгжүүдээс “Таван толгой” ХК нь татвар төлөлтөөрөө эхний зургаадугаарт жагсдаг.

Өнөөдрийн байдлаар Цогтцэций сумын Цагаан овоо багийн төвд "Таван толгой" ХК-ийн ажилчдаас гол төлөв бүрдсэн 170 айл өрхийн мянга гаруй хүмүүс амьдарч байна. Харамсалтай нь өдгөө эдгээр хүмүүсийн ихэнх нь тоосны харшилтай болж, эрүүл мэндийн хувьд ихээхэн эрсдэлтэй гэж хэлж болохуйц хүндхэн нөхцөлд аж төрцгөөж байгаа нь санаа зовох асуудал болжээ.

Цагаан овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болсон учир шалтгааны талаар цухас өгүүлэхэд

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол уул уурхай дагасан агаарын бохирдол, тоосжилт гэдгийг тус сумын засаг дарга О.Бадарч онцлон ярьж байна.

“Тоосжилтын тархалт сумын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамардаг. Цогтцэций суманд засаг захиргааны бүртгэлтэй 7000 мянган хүн өдөр тутамдаа уул уурхайн тоосон дунд амьдарч байна. 

Тэр дотроо хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүс бол Цагаан овоо баг буюу орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-ийн тосгоны ард иргэд маань юм. Эдгээр хүмүүс тоосжилтын голомт дунд ажиллаж, амьдарч байна. Энд 700 гаруй хүмүүсийн хувь заяаны асуудал яригдаж байгаа” хэмээн тэрээр хэлсэн.

Энэ бүс нутагт утаанаас дутахгүй уршигтай тоосжилт их хэмжээгээр үүсэх болсон шалтгааныг тодруулбал, 2009, 2010 оноос Таван толгойн бүлэг ордын үйл  ажиллагаа эрчимжиж, "Таван толгой" ХК-ийн хөрш зэргэлдээ “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК гэх хоёр том уурхай шинээр байгуулагдан Эрдэнэс таван толгойн Баруун, Зүүн Цанхи ашиглалтад орж, олборлолт явуулж эхэлснээр  Цагаан овоо баг буюу Таван толгой тосгон уурхайн нөлөөллийн бүсэд оржээ.

Ийнхүү уурхайн нөлөөллийн  бүсэд орж эхэлснээс хойш хөрс, нүүрсний  нарийн ширхэгтэй тоосонцрууд хэвийн хэмжээнээсээ хэд дахин давах болсон байна. Энэ нь эргээд Цагаан овоо багийн оршин суугчдын эрүүл мэндэд шууд утгаараа сөргөөр нөлөөлж, үр зулбах, зүрх судасны өвчлөл ихсэх, нийт хүн ам уушгины архаг боринхиттэй болох зэрэг хэв шинжүүд илэрч эхэлжээ.

Өөрөөр хэлбэл тосгоны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн нь Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдлыг шинээр бий болгосон аж.
“Эрдэнэс таван толгой” компанийн хөрсний овоолго, Таван толгойн уурхайд олборлолт хийх үед гарч байгаа үйлдвэрлэлийн тоос шороо нь Цагаан овоо багийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ийнхүү хөндөж, цаашид энэ бүс нутагт хүн ажиллаж амьдархад хүндрэлтэй нөхцөл байдал бий болгосон нь уурхайчдын тосгоныг нүүлгэх шийдвэр гаргахад түлхэц үзүүлсэн талаар Таван толгой ХК-ийн ТУЗ-ын гишүүн В.Мөнхбат бидэнд ярьсан юм.

Нүүрс олборлолтын явцад үүссэн нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчин үүсгэдэг аж. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой орчмын нарийн орчмын нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээг сард хоёр удаагийн давтамжтайгаар хэмжилт хийдэг байна. “Хэмжилтээс харж байхад тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ тогтмол хоёроос хорь дахин давсан үзүүлэлттэйгээр гардаг” хэмээн Тавантолгой ХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Н.Наранзаяа ярьсан.

Мөн Хүний эрхийн үндэсний коммисоос Таван толгойн бүлэг ордын орчимд хийсэн хэмжилтээр тоосонцорын хэмжээ байх ёстой хэмжээнээс арав дахин их гарч, Цагаан овоо багийн нүүлгэлтийн асуудлыг ойрын хугацаанд зайлшгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Цогтцэций сумын Цагаан овоо багийн тухайд бусад уурхай, сум суурин, суурьшлын дэргэд амьсгалын замын өвчин элбэг байдаг талаар Уурхайн их эмч Н.Цацрал бидэнд хэлсэн юм. Хүүхдүүдийн хувьд байнга ханиад хүрэх, амьсгалын замын ямар нэгэн өвчнөөр өвчлөх нь түгээмэл байдаг хэмээн тэрээр онцолсон.

Үүн дээр нэмээд, “Багийн иргэд ихэнх нь тоосны харшилтай болсон гэдэг бол гашуун үнэн. Бид аймгийн төв дээр 48 айлын орон сууцыг худалдаж аваад, тэндээ бага насны хүүхэдтэй айл өрхүүдээ нүүлгэн  шилжүүлж байна” гэдгийг Тавантолгой ХК-ийн захирал Р.Сэддорж нэмж тодотгосон юм.

“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Цагаан овоо багийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгаа тухай Таван толгой ХК-ны ТУЗ-д танилцуулдаг. Үүнтэй бид бүхэн санал нэг байгаа. Ийм нөхцөл байдалд хүргэсэн Эрдэнэс таван толгой компанийн зүгээс тодорхой зөвшилцөл ойлголцолд хүрч, Цагаан овоо багийн ард иргэдийг нүүлгэж эрүүл орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй” гэдэг зүйлийг В.Мөнхбат ярьсан юм.

“Эрдэнэс таван толгой” ХК, “Тавантолгой” ХК хамтран шинэ суурьшлийн бүсэд хот байгуулах ойлголцолд хүрчээ

Цагаан овоо багийн одоогийн нутаг дэвсгэр нь төрийн өмчит Эрдэнэс таван толгой ХК- ийн нөлөөллийн бүсэд хамаарагддаг талаар дээр өгүүлсэн. Энэ утгаараа Эрдэнэс таван толгой ХК, Тавантолгой ХК-тай хамтран тосгоныг нүүлгэн шилжүүлэх асуудал дээр ойлголцолд хүрч, өдгөө хоёр талаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ахиц гарган ажиллаж байгаа талаар Р.Сэддорж захирал дуулгасан.

Харин Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч “Эрдэнэс тавантолгой ХК-ийн зүгээс нөлөөллийн бүсийн асуудлаа шийдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд “Энержи ресурс” компанийнхан өөрсдийн нөлөөллийн бүсэд байгаа хорь гаруй айлын асуудлыг шийдээд өгчихсөн.

“Эрдэнэс тавантолгой” үүнтэй адил Цагаан овоо багийн 700 гаруй хүмүүсийг тосгоны сургууль, цэцэрлэг, объектуудтай нь хамт нүүлгэх  хөрөнгийн асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна. Цаг алдах тусам Цагаан овоо багт амьдарч байгаа 700 гаруй хүмүүсийн эрүүл мэндийн асуудал эрсдэлд орох болно” гэсэн юм.

“Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж үүн дээр нэмээд “Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний компаниуд буюу Эрдэнэс таван толгой ХК, Таван толгой ХК-иуд хамтдаа тодорхой шийдлүүд гарган Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажил дээр хамтран ажиллаж байна.

Газар нутгийн байршлын тухайд Цогтцэций сумын баруун хойд хэсэгт буюу засмал зам, дэд бүтэц рүүгээ ойртож, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан тоосжилт багатай бүс нутгийг сонгож багийн төвөө нүүлгэн, уурхайчдын шинэ суурьшлын бүс бий болгох төлөвлөгөө гаргасан.

Гэхдээ мэдээж сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж нийгмийн үйлчилгээ авах нөхцөл боломж бүрдэх ёстой. Ингэснээр 2019 оны хавраас Өмнөговь аймаг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлтийг эхлүүлнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-д хандаж “Манай талаас танай компанийг нүүлгэх асуудлыг шийдэхгүй, харин энд суурьшиж байгаа Цагаан Овоо багийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зардал, хөрөнгийг гаргахад бэлэн байна” гэдэг байр суурийг илэрхийлжээ.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүн В.Мөнхбатын зүгээс энэ байдлыг шийдэх гарц байгаа талаар ярьсан. Тэрээр, “Таван толгой ХК-ийн тухайд ирээдүйд баригдах шинэ суурьшлынхаа бүсэд ажилчдаа амьдруулаад одоо байгаа хотхон дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

Эсвэл “Эрдэнэс тавантолгой” компанийхантайгаа ойлголцож чадвал одоо байгаа хотхоныхоо барилга байшин, объектуудаа “Эрдэнэс тавантолгой”-д тодорхой хэмжээний үнээр шилжүүлж өгөх, энэ  нь эргээд тэдний машин техникийн засварын газар, уурхайн кемп болгон ашиглаж болох гарц гаргалгаа бий. Ингэж ойлголцож чадвал “Эрдэнэс тавантолгой”, Цагаан овоо багийн ард иргэдэд аль алинд нь ашигтай” хэмээн ярьсан юм.

Тавантолгойн орд газрыг түшиглэсэн шинэ суурьшлын бүс уурхайчдыг гэр бүлтэйгээ амьдрах боломжоор хангана

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэгэнтэй Таван толгойн орд газрыг түшиглэсэн зуун мянган хүн амтай хот байгуулна хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн удаатай.

Тэгвэл Тавантолгой ХК-ийн удирдлагуудын бидэнд өгсөн мэдээллээс харвал ямартай ч орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК болон  төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК шинэ суурьшлын бүсдээ нэг дор байрлаж, хамтдаа хорьдугаар зууны уурхай дагасан их бүтээн байгуулалт Эрдэнэт лугаа хотыг өмнийн говьд сүндэрлүүлэн босгохоор бүтээн байгуулалтын ажлыг тун удахгүй эхлүүлэх нь хэмээн ойлгож болохоор байна. 

Ирээдүйд бий болох шинэ хотын талаар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн В.Мөнхбат, “Бидний төлөвлөж байгаа шинэ суурьшлын бүсэд 70-100 мянган иргэд амьдрах боломжтой хэмээн төсөөлж байна.

Энд уул уурхай гэхээсээ илүүтэй дулааны станцууд, томоохон хэмжээний нефт, химийн үйлдвэрүүд баригдана. Ойрын хугацаанд төмөр зам  тавигдчих юм бол төмөр замаа дагасан маш олон гаалийн хяналтын талбай, терминал, нефть шатахууны баазууд бий болох болов уу” гэдэг зүйлийг ярив.

“Эрдэнэс таван толгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хамтран байгуулахаар төлөвлөж байгаа шинэ суурьшлын бүсэд зөвхөн хоёр компанийн уурхайчдаас гадна Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байршиж байгаа МАК орчмын ажилчид, Оюутолгойн ажилчид гэр бүлийн хамтаар суурьшиж амьдрах боломжтой гэнэ.

Ингэснээрээ эдгээр үйлдвэрийн ажилчид Улаанбаатар хотоос ажилдаа явах биш гэр бүлээрээ нэг дор төвлөрөн амьдарч, эндээсээ ажлаа хийх бүрэн боломж харагдаж байгаа юм. Энэ тухай, Тавантолгой ХК-ийн хангамжын ажилтан Энхтөгс, “Залуу хүний хувьд уул уурхайн ростерийн үйл ажиллагааг эсэргүүцдэг.

Энэ маань 14 хоногтоо уурхай дээрээ ажиллаад Өмнөговь ч юм уу Улаанбаатарт байдаг гэр бүл дээрээ 14 хоног очиж амардаг тэр зарчим юм.

Ингэснээрээ уурхайчин хүн гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх цаг хугацааг хомслож байдаг. Бидний зорьж байгаа шинэ суурьшлын бүс бол бүх уурхайчид гэр бүлээ дагуулаад бөөндөө нэг дор амьдрах нөхцлийг бий болгох зорилготой юм. Ингэж чадвал уурхайчин залуусын маань хүүхэдтэйгээ тоглох, гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацаа багахан ч болов нэмэгдэнэ.

Энэ утгаараа уурхай дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг дэмжиж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өдгөө  албан ёсны бүртгэлтэй арав гаруй мянган үндсэн иргэнтэй, албан бусаар хорь гаруй мянган иргэд амьдарч байна.  Энэ бүс нутгийн ард иргэдийн хүсэл мөрөөдлийн талаар “шинэ хот суурин барих, тэндээ гэр бүлээрээ амар тайван амьдрах” хэмээн нутгийн иргэд ярьцгааж байна.

“Цогтцэций сумын иргэдийн тухайд эртнээсээ Тавантолгойн уурхай түшиглэсэн томоохон хот байгуулагдана гэдэг хүлээлттэй байсан. Энэ хүлээлт бодит биеллээ олоход ойрхон байна. Яг өнөөдрийн байдлаар сум орон нутагт маань хөл бөмбөгийн битүү талбай, усан бассейн, спорт цогцолбор гэх мэт хэрэгтэй зүйлүүд маш их байна. Үүнийг бид бүхэн шинэ суурьшлын бүс байгуулж, хоёр уурхайн уурхайчдаа нэгтгэсний үндсэн дээр төр засагтайгаа нийлж бүтээн байгуулах ажлуудыг хийнэ” хэмээн Р.Сэддорж захирал уулзалтын төгсгөлд онцолсон.  

Хорьдугаар зуунд Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур гэх мэт уурхай дагасан бүтээн байгуулалтууд баригдсан. Тэгвэл үүний жишгээр хорин нэгдүгээр зуунд говь нутагт дэлхийд алдартай Таван толгойн нүүрсний ордоо түшиглэсэн уурхай дагасан  шинэ суурьшлын бүс байгуулагдаж, монгол уурхайчин Монголдоо гэр бүлээрээ аятай тухтай, сэтгэл амар сайхан амьдрах сайн цаг айсуй.

Гагцхүү энэ асуудал бодит ажил хэрэг болох эсэх нь хоёр компанийн ажил хэрэгч байдал, төр засгийн тууштай дэмжлэг, цаг хугацааны асуудал болоод байна.

Р.Улам-Оргих