Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо
2019.03.21

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн дагуу өнөөдөр улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийг хийлээ.

Энэ үеэр тус танхимд Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулсанаа  хүлээлгэн өгсөн юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Япон Улсын Элчин сайд Такаока Масато, “Жайка“ олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцлоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ

“Улаанбаатар хотын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхтэй хэд хэдэн бүс байгаа бөгөөд эдгээр бүсүүдийн идэвхжилт буурахгүй байгааг ажиглалт судалгаагаар тогтоосон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 37,542 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдснээс таван удаагийнх нь 5 магнитудын хүчтэй байсан бол 1,354 нь 3-4 магнитудын хүчтэй байсан. Тиймээс газар хөдлөлтийн үеийн эрсдэлийг бууруулах чадавхаа нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас төр засаг, ард иргэдэд анхааруулж байна. Өнөөдөр энэхүү газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх төхөөрөмжийг хүлээн авсанаар хүүхэд багачууд, ард иргэдэд газар хөдлөлтийн аюул эрсдэлийг таниулахад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болж байна” гэлээ.

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах зорилгоор байгуулж буй тус танхим нь 3-12 баллын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөөрөө онцлог юм.