Б.Чойжилсүрэн 2019.03.21 | Vip76.mn

Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2019.03.21/ Татварын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон ч түр хойшлуулав.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 

“Төсвийн байнгын хороо Татварын багц хууль буюу Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд хийсэн. Харин өчигдөр буюу энэ сарын 20-нд Ерөнхийлөгч болон АН-аас Татварын багц хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал оруулах хүсэлт ирүүлсэн. Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч амжсангүй. Тиймээс өнөөдөр Төсвийн байнгын хороогоор дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх шаардлага үүсч байна. Иймд Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргаж байна” гэлээ.

Ийнхүү санал хураахад олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулав. Төсвийн байнгын хорооны хуралдаан дууссаны дараа чуулган эхлэх юм.