О.Баасанхүү 2019.03.21 | Vip76.mn

О.Баасанхүү: Татварын өртэй, өргүй гэдгийг шүүх л тогтооно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гишүүдийн олонх Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн тул  Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2019.03.21) хуралдаан 10 цаг 48 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганны хуралдаан эхэлж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Хуулийн төслийн 19-р зүйлд төсөвт орлого оруулсан татварын алба ба улсын байцаагч Засгийн газрын шийдвэрээр урамшуулал олгоно гэсэн байна. Үүнд мөнгөн урамшууллын хувийг нь тогтоож өгч болох уу? Өдөр бүр Засгийн газраас тогтоол гаргаад байх шаардлагагүй болно. Мөн үүний цаана нь их татвар хурааж, иргэдээ шулж байж байцаагч нь мөнгөн урамшуулал авдаг. Тэгэхээр тодорхой орлого олсон тохиолдолд мөнгөн урамшуулал олгох гэж хувь хэмжээг зааж өгмөөр байна.

Татварын ерөнхий хууль дээр татварын өртэй этгээдийг татварын байгууллагын хүсэлтээр хил нэтрэхийг хориглох тухай заасан байна. Өртэй өргүй гэдгийг шүүх л тогтооно. Онц их хэмжээний гэвэл ойлгож болох ч 3, 5 сай төгрөгийн өртэй хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа гарах эрхийг нь хааж болох уу?

Татвар төлөгч гэдгийг Үндсэн хуульд эрх зүйн субъект байна гэж заасан. Энэ нь хэн нэгэн хүн л гэсэн үг. Үүний цаана байгаа 3 дагч этгээдийг яаж авч үзээд байгаа юм бэ?”