Ө.Энхтүвшин: 51 хувьтай холбоотой төлбөрийг төлөх асуудлаар хэлцэл хийж байна
2019.03.22

Ө.Энхтүвшин: 51 хувьтай холбоотой төлбөрийг төлөх асуудлаар хэлцэл хийж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудал маргаан дагуулж, олны анхааралд байгаа.

Тэгвэл 51 хувийг банкны барьцаанд тавьж, Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр гарч Монгол Улс маш их хэмжээний төлбөрт унаад буй. Энэ удаагийн Арбитрын шийдвэр эцсийнх учраас давж заалдах боломжгүй. Тэгвэл Засгийн газраас энэ төлбөрийг хэрхэн төлөх, Монгол Улс, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатайгаар хэрхэн зохицуулах боломжтойг судлах, хамтран ажиллах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж буй. Сүүлийн үед сар бүр нэг сая гаруй ам.долларын өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс төлж байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Тиймээс энэхүү өрийг хэрхэн төлөх талаар түүний зарим зүйлийг тодрууллаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьснаас бид олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр ялагдаж, өр төлбөрт орсон. Засгийн газар энэ асуудалд анхаарахгүй байна гэх шүүмжлэл яваад байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна?

-Засгийн газар энэ асуудлаар гурван сарын өмнө ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг одоо ч ажиллаж байна. Мэдээж хүү, торгууль нэмэгдээд байхад Засгийн газар нь мэдэхгүй, ажиллахгүй суугаад байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ ажлын хэсгийн талаар ямар нэг мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна. Яагаад гэвэл хоёр талын хэлцэл явж байгаа үед мэдээлэл өгөх нь сайн талаас илүү сөрөг нөлөөлтэй байдаг.

-Үйлдвэрийн данснаас сар бүр зөвхөн хүүнд их хэмжээний төлбөр төлөөд эхэлсэн гэсэн мэдээлэл яваад байна л даа?

-Үйлдвэрийн данснаас төлбөр хийж байгаа зүйл огт байхгүй. Төлбөр тооцоог хийхгүй байснаас хүү, төлбөр нэмэгдэж байгаа гэдгийг манайх хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй.

-Ер нь төлбөр төлөх боломжтой хувилбарыг юу гэж харж байгаа вэ, ажлын хэсэг?

-Нэгэнт олон улсын шүүхийн шийдвэр гарсан учраас дахиж давж заалдах боломжгүй. Тиймээс нөгөө талтай хэлэлцээр хийх ёстой.  Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсад хамгийн хохирол багатайгаар шийдэх удирдамж өгсний дагуу ажлын хэсэг ажиллаж байна.

-Хохирол багатай гэхээр ямар нэг өр төлбөр төлөхгүйгээр шийдэх боломжтой гэсэн үг үү?

-Ажлын хэсгийн ажил маш амжилттай явж байна. Боломжууд ч харагдаж байна.

Ш.ЧИМЭГ