Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
2019.03.22

Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

 
НАЛАЙХЫН ЗАМЫН АЖИЛ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ЭХЭЛНЭ

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Б.Энх-Амгалан танилцуулав.

Үүнтэй холбогдуулан замын зурваст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд оруулах,  түр замын ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд гүйцэтгэхийг холбогдох сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад үүрэг болгов. Мөн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх чиглэлийн замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.

Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл, Захирагчийн ажлын албыг 55 хүртэл, БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/, Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтоов.