Хүрэлбаатар.Ч 2019.03.22 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

10.000 орон сууц барих зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив

10.000 орон сууц барих зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.22) хуралдаан 09 цаг 58 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

10.000 орон сууц барих зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив.

Үргэлжлүүлэн Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Төслийн хүрээнд 10.000 өрхийн орон сууцыг барих бөгөөд гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууламжтай болгох аж. Төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.

Мөн Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү 0.25, зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл болохыг Сангийн сайд танилцуулгынхаа төгсгөлд тэмдэглэв. 

УИХ-ын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, Ч.Хүрэлбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, төсөл нь нэн чухал бөгөөд 10.000 орон сууцыг барьж байгуулах юм байна. Гэхдээ үүний 50 хувийг нийслэлд, үлдсэн 50 хувийг 10 аймагт барьж байгуулах нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт иргэдийг суурьшихад дэмжлэг болох чухал ач холбогдолтой гэдгийг хэлж, тодрууллаа.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх зорилго бүхий Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бусад төсөл, хөтөлбөрүүдтэй энэхүү төсөл уялдан төлөвлөгдсөн гэдгийг сангийн сайд тайлбарлав.

Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн 1000 гэх байршлуудад өмнө нь дэд бүтцийг байгуулсан бөгөөд эдгээрт тулгуурлан орон сууцны барилга, байгууламжууд барихаар үргэлжилж буй аж. Тодруулбал, Баянхошуу дэд төвийн баруун талд 5.1 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 495 өрхийн орон сууцыг амины орон сууц (таун хаус) буюу нам давхарын барилга хэлбэрээр барьж байгуулах бол 4170 м2 нарны зай хураагуурын хавтантай, 4450 м2 цэцэрлэгт хүрээлэнтэй, 8500 м2 нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбайтай, 2130 м2 үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж байхаар төлөвлөөд байгаа гэнэ. Сэлбэ төвийн зүүн хэсгийн 6.4 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэх санхүүжилтийг мөн дээрх төслөөс шийдвэрлэх аж. Тус хороололд 584 өрхийн орон сууцыг амины орон сууц (таун хаус) буюу нам давхарын барилга хэлбэрээр барьж байгуулж, 4000 м2 нарны зай хураагуурын хавтан, 3500 м2 цэцэрлэгт хүрээлэнтэй, 13.500 м2 нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбайтай, 5800 м2 үйлчилгээний байгууллагууд, авто зогсоолын барилга, байгууламж байхаар төлөвлөөд байгаа гэнэ. 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам бодлого баримтлан ажиллаж байгааг тус яамны Хуулийн хэлтсийн дарга н.Нямдорж тайлбарлав. 

УИХ-ын гишүүн Л.Болд төслийн хүрээнд баригдах орон сууцыг худалдаалах өртгийг тодруулав. Тэрбээр энэхүү нэн хөнгөлөлттэй зээлийг авах нь зүтэй хэдий ч үр ашгийг нь иргэдэд, зорилтот үйл ажиллагаандаа өндөр үр дүнтэй байхаар зарцуулдаггүй, барилгын бизнесийг дэмжээд авилгал, газрын хөөрөгдсөн үнэ зэргийг шингээсээр хэт өндөр үнэ бүхий орон сууц болох эрсдэл бий гэдгийг шүүмжилж байв.

Одоогоор зураг төсөл, төлөвлөгөө, тооцоолол зэрэг нь урьдчилсан хэлбэрээр бэлтгэгдээд байгаа бөгөөд орон сууцны худалдаалах өртөг м2 нь 1-1.2 сая төгрөг байх тооцоо байгаа талаар Нийслэлийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлага болон Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулсан.

Төслийн санхүүжилтээр баригдах 10.000 орон сууцны 15 хувь буюу 1500 орон сууцыг халамжийн зориулалтаар байгуулах бөгөөд суугчид урсгал зардлаа төлөөд амьдрах бол 5500 өрх орлоготой нь дүйцүүлсэн өртгөөр орон сууц худалдан авах бол 3000 орон сууцыг зах зээлийн өртгөөр худалдаалах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр тайлбарлав. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа СХДүүргийн I, II хороо буюу Толгойт орчимд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэн бөгөөд дараа дараагийн бүтээн байгуулалтууд тус хороодод хийгдэх мэдээллийг иргэдэд өгсөн тул төсөлд уг бүсийг багтаах саналыг хэлэв. Зээл авмагц “тоолуур” гүйгээд эхэлдэг хэдий ч манай тал санхүүжилтээ шуурхай ашигладаггүй, газар чөлөөлөлт, зураг төсөл батлах, зөвшөөрөл авах, шалгаруулах гэх мэтээр шат шатны явцдаа удааширч зээлийн үр ашгийг бууруулах эрсдэл өндөр байдгийг анхааруулж байлаа. 

Дараа нь гишүүд 10.000 өрхийн орон сууцыг дээрх санхүүжилтээр барьж байгуулах “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж буйтай холбогдуулан санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийг нэн өндөр зохион байгуулалт, тооцоо, төлөвлөгөөтэйгөөр шуурхай хэрэгжүүлж ажиллахгүй бол өнөөдрийн ярьж буй энэ асуудлыг 2012 онд яриад, тухайн үедээ нийслэлийн удирдлагууд том төлөвлөгөө танилцуулж байсан гэдгийг анхаарууллаа.

Түүнчлэн зураг төслийн тухайд ойролцоо цаг агаар бүхий бусад орнуудын хийж хэрэгжүүлсэн орчин үеийн шийдэл бүхий тухтай, хямд өртөгтэй, дэвшилтэт төслүүдийн загварыг судалж үзэхийг санал болгож байв. Ж.Бат-Эрдэнэ гишүүн Сангийн яамны цаг хугацаа зарцуулж, удаан хугацаанд яриа хэлэлцээр хийж байж оруулж ирж буй нэн хөнгөлөлттэй зээлүүдийг бусад яамд үр ашигтай зарцуулах чиглэлд онцгой анхаарах ёстой гэдгийг сануулж хэлсэн.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлээр хийлгэж болох ажлуудад төр оролцохгүй, дэмжлэг үзүүлэх байдлаар хамтарч ажиллахын оронд бизнесийн талбарт нь оролцогч болдог хэмээн шүүмжиллээ. Тухайлбал, энэ төслийн бүтээн байгуулалтын ажилд дэд бүтэц тэргүүтэй бэлтгэл, суурийг төр бий болгоод, барилга, байгууламжийн ажлуудыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлийн байгууллагууд хийж гүйцэтгэх нь ажлын байр нэмэгдүүлэх, ажлын бүтээмж өндөр байх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байсан.

Нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий энэхүү зээлийг авах нь зөв, мөн одоогоор төлөвлөж буй зорилт нь нийгэмд чухал ач холбогдолтой гэдгийг Л.Болд гишүүн хэллээ. Гэхдээ хариуцагч талууд өндөр үр дүнтэй мэтээр тайлбарлан танилцуулж УИХ-аар хэлэлцүүлээд дэмжлэг авдаг хэрнээ ажил хэрэг болгох шатандаа төлөвлөгөөгүй, судалгаагүй ажиллаж ямар ч үр ашиг гардаггүй байдлаар олон жил явж ирснийг шүүмжилсэн. Тиймээс нэн таатай нөхцөл бүхий уг зээлийг барилгын салбарын бизнесийг дэмжих байдлаар зарцуулахын оронд шууд иргэдэд олгох нь зүйтэй гэдэг саналыг хэлэв.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэг сарын хугацаанд 50 м2 тохь тухтай, иж бүрэн дэд бүтцээ шийдсэн орон сууцыг 45 сая төгрөгөөр барьж байгуулсан загвар бий гэв. Одоогоор 1000 орчим айл энэхүү загварын амины сууцтай болох хүсэлт гаргаад байгаа ч зээлийн асуудал шийдэгдэх боломжгүй учраас гацсан байгаа хэмээн Л.Болд гишүүн танилцуулсан.

Иймд энэ мэтчлэн айл өрхүүд эзэмшлийн газартаа тусгай дэд бүтэц бүхий технологийн дэвшилтэт орчин үеийн сууцыг хямд өртгөөр барьж байгуулахад нь таатай нөхцөл бүхий зээлийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлвэл эрэлт байгаа гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэхдээ, Монгол Улс ийм таатай нөхцөл бүхий зээлүүдийг өмнө нь авч байсан ч үр ашиг нь гардаггүй асуудал бий.

Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ төрлийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцоотой байх ёстой бөгөөд асуудлыг том зургаар нь харж бодлогын түвшинд хамтран ажиллаж байхыг сануулав. Зээлийн нөхцөл нэн таатай бөгөөд хэрэгжүүлэх төсөл нь нийгмийн чухал ач холбогдолтой учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжих нь лавтай.

Төслөө хэрэгжүүлэхдээ дэвшилтэт технологи, хямд өртөг, хялбар шийдлийг тусгах нь зүйтэй бөгөөд хувийн хэвшлийн оролцоог зохих түвшинд хангах нь зүйтэй гэдэг саналыг Б.Баттөмөр гишүүн хэлсэн. Мөн энэхүү төсөл нь өндөр үр ашиг бүхий бодлогын загвар төсөл болж хэрэгжих ёстой бөгөөд Байнгын хорооны гишүүдийн гаргасан саналын дагуу зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн төлөвлөлт, санхүүжилтийн явц, хэрэгжилт, үр ашгийг хянах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэв. 

Ийнхүү Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.