Хувь хүний орлогын албан татварын тухай хууль батлагдлаа
2019.03.22

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль батлагдлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.22/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа.

2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын Загсийн газраас Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх журмыг хуульчлах, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зэрэг зорилгоор дээрх хуулиудын төслийг боловсруулсан.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын нэр төрөл, ангилал тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгосноор хуулийн хэрэгжилтийг нэг мөр, аливаа хийдэлгүй хангах боломж бүрдэх зэрэг олон шинэ зохицуулалтууд хэрэгжиж эхлэх юм.