Ж.Энхбаяр 2019.03.25 | Vip76.mn

2019 онд ХСҮТ-ийн гарцыг чөлөөлнө

Эмнэлгийн байгууллага 4-н талаасаа орц гарцтай байж тусламж үйлчилгээгээ шуурхай хүргэх ёстой юм. Ядруу биетэй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн гээд тус төвөөр үйлчлүүлэгчид ХСҮТ рүү ордог ганцхан гарцан дээр түгжирч хичнээн их чирэгдэл, бухимдалд өртөж байгааг бид өдөр бүр харж байна.

Өнгөрсөн жил хэвлэл мэдээллээр энэ асуудал ихээхэн яригдаж хотын захиргаа болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ярьж, үзэж танилцаж, бие бие рүүгээ баахан цаас шидэлцсэн боловч өнөөдөр энэ тухай мартагдаад асуудал нь бахь байдаг хэвээрээ үлдсэн.

Харин ч бүр эсрэгээрээ, ХСҮТ-ийн тал бүрийг гарааш, контейнер зэргээр таглаад битүүлчихсэн байна. ХСҮТ-ийг тойрсон хувийн хэвшлийн хэдэн байгууллагатай эрх мэдэлтэйгээр ярьж өвчтнүүдийн, ард иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй бол эмнэлгийн эргэн тойрон одоогийнхоосоо ч дордож мэдэхээр байна.

Энэ хэсгээс УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Энхбаяр 2019 оны Улсын нэгдсэн төсөвт эмнэлгийн орц гарцыг тагласан обьектийг чөлөөлөж, гарц гаргах хөрөнгийг суулгуулсан.

Нийслэлийн газрын албатай хамтран дээрх ажлыг хийх юм. Зөвхөн ХСҮТ гэлтгүй сургууль, цэцэрлэгийн орчимын гарцыг тагласан хэсгийг ч чөлөөлөх юм байна.