О.Баасанхүү 2019.03.26 | Ikon.mn

О.Баасанхүү: Хэнийг хаан болгох вэ гэдэг шийдвэрийг Үндсэн хуулиар хийж болохгүй

О.Баасанхүү: Хэнийг хаан болгох вэ гэдэг шийдвэрийг Үндсэн хуулиар хийж болохгүй

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. 

 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үнэхээр бий юу? 

-Үндсэн хуулийн талаар гурван янзын хандлага байна гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг бүгдийг нь өөрчилье. Одоогийнх маш муу хууль гэдэг нэг хэсэг байна. Нэг хэсэг нь бараг өөрчлөөд хэрэггүй. Одоогийн хуулийн бололцоог бүрэн шавхаагүй, төрийн байгууллага, төрийн албан хаагчдын ёс зүйгүй байдлаас болж Үндсэн хууль муухай харагдаад байгаа юм гэдэг.

Харин гурав дахь хэсэг нь Үндсэн хууль батлагдаад 30 жил боллоо. Одоо жаахан засах нь зөв гэдэг. 

Би бол гурав дахь хэсгийг дэмждэг. Үндсэн хуулийн зарим нэг заалтад өөрчлөлт оруулах нь зөв гэж боддог

-Үндсэн хуулийг цэц илүү “сайн ажилладаг” байсан бол заавал хуулиа өөрчлөх шаардлага бий болохгүй байсан гэж үздэг судлаачид байдаг. 

-Үндсэн хуулийн цэц улс төржлөө гэж ярьдаг. Гэхдээ ҮХЦ-ийн шийдвэрийг авах эсэх нь УИХ-д байгаа. Өөрөөр хэлбэл, цэц хуулийг хүчингүйд тооцох юм бол хүлээж авах уу үгүй юу гэдгийг чуулганаар хэлэлцээд хэрэв хүлээж авахгүй гэвэл цэцийн бүх гишүүний буюу есөн гишүүний бүгд хуралдаан болдог.

Энэ утгаар нь аваад үзвэл алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Нийтээр нь цэцийн буруу хэлж болохгүй байх. Тиймээс цэцэд хамааралгүй асуудал гэж хардаг. 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах долоон бүлэг 42 заалтын төсөлтэй хэр санал нийлж байгаа вэ?  

-Төрийн ордонд 1,500 хүн суугаад Зөвлөлдөх санал асуулга хийсэн. Тэр санал асуулгаар Үндсэн хуулийн долоон бүлэг 42 зүйлийг өөрчлөх саналыг гаргаж ирсэн. 

Ерөнхийлөгч гэсэн бүлгийг огт хөндөхгүйгээр бусад бүлгийг нь янзлаад, олон нийтийн санал асуулга руу оруулаад батлая гэсэн байр суурьтай байгаа тухайгаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

Өнөөдөр 40 гишүүн нэгдэх юм бол УИХ-ын даргыг чөлөөлдөг ч юм уу дуртай юмаа хийж болж байна. Тэгвэл нэг нам 64 суудалтай байна. Тэгэхээр ямар ч сайн өөрчлөлт байлаа гэсэн эргээд маргаан руу орох боломжтой. “Эдний намд таалагдах гэж, эднийх өөрсдөддөө ашигтай байлгах гэлээ" гээд дараагийн улс төрийн хүчин одоо хийх гэж байгаа өөрчлөлтийг хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй юм. 

Тэгвэл дээрх өөрчлөлтүүдийн яг аль нь ард түмэнд хэдэн хувь таалагдаж байгаа юм гэдгийг манай нам зургаан аймагт 35 мянган хүний дунд судалгаа явуулж гаргасан.

Би ажлын хэсэгт ороод МАХН-ыг төлөөлөөд сууж байгаа гишүүний хувиар мөн УДШ бүртгээгүй ч гэсэн намынхаа нийт гишүүнээс сонгогдсон МАХН-ын даргын хувиар 100 хувь ард түмний өөрчлөхийг зөвшөөрч байгаа заалтын өөрчлөлтийг дэмжье гэж байгаа юм. 

Зөвхөн 100 хувийн санал авсан өөрчлөлтийг л дэмжинэ.

Ард түмэн 100 хувийн саналаар гурван заалтыг дэмжиж байгаа юм байна.

  • Нэгдүгээрт, утаанаас салъя гэж байгаа.
  • Хоёрдугаарт, төрийн албыг зардаг, улс төржүүлдэг байдлаас салъя гэж байгаа юм байна.
  • Гуравдугаарт ялсан нам тоглоомын дүрэм бичдэг биш нэг ойлголттойгоор явъя гэдэг асуудлуудыг ард түмэн зөвшөөрч байгаа нь манай намын хийсэн судалгаагаар харагдсан юм. 

Энэ нь зөв тэр нь буруу гэхээсээ илүү та яг аль өөрчлөлтийг 100 хувь дэмжиж байна вэ гэсэн судалгаа явуулсан.

Ингэхэд улс орноо хөгжүүлье гэвэл дагуул хоттой болох нь зүйтэй, төрийн албыг улс төрөөс хараат бус гэж зарлах нь зөв. Тэр дундаа суман дээр сонгуулиар гарч ирдэг төрийн албан хаагчийг томилдгоо болих. Тэгэхгүй бол сум, баг, хороон дээр улс төржилт хэтэрч байна. Ялсан нам нь сумын засаг даргаа томилдог, төрийн алба улс төрөөс ангид байна гэдгийг хатуу заая гэдэг дээр 100 хувь санал нэгтэй байгаа юм байна. Гуравдугаарт сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой заая. 

Найман жилийн хугацаанд найман янзын сонгууль хийлээ. Одоо тодорхой болговол аль ч нам нь гарсан бай сонгуулийн тогтолцоо өөрчлөгддөггүй баймаар байна. Зөвхөн журам өөрчлөгдөж болно. 

Ерөнхийд нь энэ гурван заалтыг бид 100 хувь дэмжиж байгаа юм. 

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд? 

-Засгийн газартай холбоотой өөрчлөлтийг бид дэмжихгүй гэж байгаа. Шүүхийн асуудлыг мөн дэмжихгүй. Тэдгээр асуудал 70-80 хувьтай дэмжигдэж байгаа. Бид дэмжье гэхээр дахиад л маргаан, хардалт бий болно. Хэнийг хаан болгох вэ гэдэг шийдвэрийг Үндсэн хуулиар хийж болохгүй. 

Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт хийх эрх нь одоогийн 65-д байхгүй. Тэдний 49 нь ЖДҮ-тэй холбогдсон. 49 гэмт хэрэгтэн өнөөдөр Үндсэн хуульд хуруу дүрж байгаа нь буруу. 

-Тэгэхээр энэ парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэж үү?

-Энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Яагаад зөв гэж байна вэ гэхээр ард түмэн тэдэнд 65 суудал өгсөн. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэх ёстой. МАН Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Харин өөрчлөхдөө долоон бүлэг 42 заалтыг бүгдийг нь өөрчлөх нь буруу. Тийм учраас манай нам санал асуулга явуулж, гурван бүлгийг л өөрчлөх нь зүйтэй юм гэдгийг хэлээд байгаа юм. 

Өөрөөр хэлбэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ. Гэхдээ дээр дурдсан гурван чиглэлийг л дэмжиж байгаа. 

-Өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн долоон зүйл 42 заалт дунд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт тун бага гэж ойлгож болох уу? 

-Улс төрийн шийдвэрийг МАН гаргана. Шийдвэрээ юу гэж гаргасан бэ гэхээр 42 заалтын тодорхой хэсэг нь Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд байгаа. Тэр хэсгийг нь л хөндөхгүй байя гэж байгаа юм байна. Тэгэхээр долоо биш зургаан бүлэг ч юм уу байна байх. 

Би бол таван бүлэг ч бай зургаан бүлэг ч бай зөвшөөрөхгүй. Түрүүний ярьсан гурван асуудлыг нь дэмжинэ. Үүнийг бид 35 мянган хүнээс асуусан юм. 

-Та болон танай нам ийм байр суурьтай байгаа ч МАН олонхоороо хүч түрээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах юм бишүү? 

-Болно л доо.

Гэхдээ асуудлын гол нь батлаад маргааш нь дахиад л өөрчлөх шаардлагатай болно. Дээрээс нь Үндсэн хуулийн хямрал руу орно. Хэдийгээр 65-уулаа байгаа ч гэлээ нийт сонгуулийн насны иргэдийн 30 гаруй хувийн саналыг л авсан байгаа шүү дээ. Гадна нь 70 орчим  хувь нь байна. Тэр 70 хувийнханд таалагдсан ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр эрх мэдлийн түрэмгийлэл гаргах юм бол нөгөө 70 хувь чинь босно. Босохдоо бүгд нэг нэг шалтгаан хэлнэ. 100 хувь таалагдсан юм л хийхгүй бол Үндсэн хуульд гар дүрэх боломжгүй. 

2020 онд сонгууль болно. Би тааж мэдэхгүй ч тэр үед МАН 65 суудал авахгүй байлгүй дээ. АН ч тэгж чадахгүй. 

Ер нь Үндсэн хуулийг хэн, яаж өөрчлөх вэ гэдэг нь биш ард түмэнд хэр зэрэг хэрэгтэй болгож өөрчлөх тухай асуудал л яригдана. 

Дордуулсан долоон өөрчлөлт л гээд байдаг. Дордуулсан гэдгийг хэн батлаад байгаа юм. Энэ асуудлаар одоо болтол ҮХЦ дээр маргаан үүсгээд явж байгаа юм билээ. Тэр нөхцөл байдлаас хамаараад энд Үндсэн хуулийн ажлын хэсэг цааш явж чадахгүй болчихоод байна. 

-Та улстөрчийнхөө хувиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? 

-Үндсэн хуулийн тухайд бол Ерөнхийлөгч чинь эрх мэдэлгүй шүү дээ. Түүнээс дагалдах хуулиудын тухай яриагүй шүү. Гарсан Ерөнхийлөгч болгон өөрийн намтайгаа очоод зөрчилддөг, өөр намд очиж долигнодог. Болохгүй бол өөрөө нам байгуулдаг. Ийм л хүмүүс. Дөрөвхөн хүний тухай л ярьж байна шүү дээ.

Дөрвөн хүний арга барил, аашнаас нь хамаараад 400 жил явах ёстой Үндсэн хуульдаа хүрэх үү. Дагалдах хуулиа судлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл гээд байгаа юм нь яг юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Албан тушаалд томилогдоод тэр хүн томилсон хүндээ бус хуулинд үйлчилнэ гээд явах юм бол болно.