Ардчилсан нам ОНЦ ИХ хурал зарлалаа
2019.03.27

Ардчилсан нам ОНЦ ИХ хурал зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа Ардчилсан нам илэрхийлж, мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, "Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд  болон намын бусад гишүүд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. 

Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийн эсрэг тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдэв.  
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ: 

Монголын төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булааж авсан үйлдэл өнөөдөр боллоо гэж харж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өнөөдрийн МАН 60  тэрбумын схемээр төрийн эрхийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь тэд хариуцлага хүлээгээгүй байна. Харин өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн хуулийн нэмэлтээр хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдлоо. 

Ардчилсан нам үүнийг нь дэмжихгүй тул УИХ дахь Ардчилсан намын гишүүд чуулганы танхимыг  орхиж гарсан

Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдсон хэрнээ эрх баригчидтай нэгдэн Үндсэн хуульд халдаж байгаад харамсч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.ТЭМҮҮЖИН:

Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан, ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг,  Засгийн газар, нь УИХ-тай өрсөлддөг, УИХ нь шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна.

Үе,  үеийн ерөнхийлөгчид ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө  мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь  УИХ байсан. Үе,  үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан. Харамсалтай нь  энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч,  парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь боллоо.

Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн. Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалчихаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр гэнэт ухаарч байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна