Цогзолмаа.Ц 2019.03.27 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Тогтолцооны алдаа руу орчихвий гэсэн болгоомжлол байна

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Монгол улсыг эрх зүйт төрийнхөө чадамжийг сайжруулах шилжилтийн үедээ явж байгаа гэж харж байна. Алдаа асуудал олон байгаа тэр дундаа энэ шүүх засаглалтай холбоотой олон гишүүдийн саналтай би санал нэг байна. Шүүх шударга биш байгаа нь үнэн. Гэхдээ бид парламентын засаглалыг хөгжүүлэх гээд 30 жилийн хугацааг үдэж байгаа улсынхаа хувьд энэ том алхамаасаа ухарч болохгүй. Тиймээс парламент энэ асуудалд маш хариуцлагатай хандах шаардлагатай. Эрх зүйт төрийн чадамж бол хуулийн байгууллагатай шууд холбоотой. Алдаа гаргасан хувь хүнтэй биш системээ бүхэлд нь өөрчлөх гэсэн энэ том тогтолцооны алдаа руу орчихвий гэсэн болгоомжлол байна. Үндсэн хууль зөрчиж байгаа юу гэдгийг дахин тодруулмаар байна.