НББСШУБХ: Байнгын хорооны даргаар Д.Оюунхоролыг сонгохыг дэмжлээ
2019.03.27

НББСШУБХ: Байнгын хорооны даргаар Д.Оюунхоролыг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж,  тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдсон учир тус Байнгын хорооны даргыг сонгох шаардлагатай болсныг онцлов.  Байнгын хорооны даргад Дуламсүрэнгийн Оюунхоролын нэрийг дэвшүүлэхдээ, парламентад ажилласан туршлага, ажлын гараагаа энэ салбараас эхэлж, боловсролын салбарт Монгол улсын Гавьяат багш болтлоо ажилласан байдал, МАН-ын 2016-2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан асуудлыг хэрэгжүүлэхэд тус байнгын хороо голлох үүрэгтэйг харгалзан түүний нэрийг дэвшүүлсэн гэж байлаа.

Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, А.Ундраа нар үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хэлсэн үгэндээ

Нэрийг нь дэвшүүлсэн, дэмжсэн гишүүддээ талархал илэрхйилэхийн зэрэгцээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны гэх том Байнгын хорооны даргаар ажиллаж байснаа онцлов. Тэрбээр, би 2012 онд парламентын гишүүн, тус байнгын хороонд ажиллаж байхдаа МАН-ын бүлгийн 26 гишүүнийг төлөөлж 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 40-өөд заалтыг оруулж ажиллаж байсан. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах, олон зүйл заалтыг ажил хэрэг болгоход туршлагыг маань авч ашиглая гэж бодож байх шиг байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 12 нь тус Байнгын хороонд хамааралтай. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл шинжлэх ухаан зэрэг томоохон салбаруудыг бодлогоор хангаж ажилладаг яамдуудтайгаа хамтран ажиллаж, тухайн салбарын асуудлыг дагнан ажилладаг УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч олон асуудал шийднэ" гэж байлаа.    

  Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр илээр санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 27.3 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.