Ц.Цогзолмаа 2019.03.27 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Нийгэмдээ ээлтэй шийдвэр гаргах гэж байна гээд хууль, шүүхийн институцийг эвдлэх вий

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.27/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“Өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэнээс хойш нийгмийн сүлжээнд энэ асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээлттэй харж байна. Олон талаас нь ярьж, шүүн тунгааж байж алдаагүй шийдвэр гаргах ёстой. Харин тэр, энэний буруу гэх хандлагаар асуудалд хандвал шийдвэр зөв гарахгүй ээ.

Бичлэгийг үзээд хууль нэг тийш батлагдана. Ингэхдээ эрүүдэн шүүх үйлдэл цаашид хийгдэж болохгүй гэдгийг л бид гол анхаарч батлах ёстой. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан гэдэг нь төрийн инцтитуци бүтцийг нийгэмд ээлтэй байлгах гэж оролдоод институциэ эвдлэх аюултай шүү. Шүүх л үнэн зөвийг тогтооно.”