Эрдэнэ.С 2019.03.27 | Vip76.mn

С.Эрдэнэ: Ирээдүйдээ Монголын ардчиллын эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж байгаа шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.27/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийг нилээн маргаантай хэлэлцэх эсэхийг шийдсэн. Харин өнөөдөр нилээн нааштай төсөл харагдаж байна.

Бид нэг талдаа шударга ёс яриад цээжээ дэлдэж байгаа ч энэ хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа. Үүний үр дагаварыг мэдэж байгаа байх.

Өнөөдөр Ардчилсан үндсэн хуулийн гол утга санааг алдагдуулсан хуулийн засаглалыг шууд хүчгүйдүүлсэн ийм зүйлийг хийх гэж байна. Ингээд бид хэр хол явах юм бэ? Энэ бол төрийн эмгэнэл.

Монголын төрд насаа элээж байгаа түшээд үүнийг дэмжээд шаардаад сууж байгаад харамсч байна. Бид хуулийн засаглал дор амьдрах ёстой.

Эрүүдэн шүүх явдал зөвюхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой биш үе үед л байсан. Ил л гардаггүй байсан болохоос биш өмнө нь байсан. Өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг болчихоод байж байна.

Бид өнөөдөр эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоох нь чухал юм цуу? Хууль шүүхийн байгууллагыг тодорхой хэсэг бүлэг хүмүүст өгөх нь чухал юм уу? үүнийгээ л анхаарах ёстой. Тиймээс би өнөөдөр энэ хуулийг дэмжиж байгаа этгээдүүдийн хүсэл ханачихгүй байх гэж бодож байна. Тэд ирээдүйдээ Монголын ардчиллын эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж байгаа шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье.”