Ц.Мөнх-Оргил 2019.03.27 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Монголын прокурорууд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дор орж, бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй болох вий

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.27/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

“Өргөн баригдсан хууль тэр чигээрээ батлагдвал:

Прокурорын тухай хуулийн 46.6-д орж буй нэмэлт:

Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

  1. Өөр ажилд шилжсэн.
  2. Гэмт хэрэг үйлдсэн шүүхийн тогтоол гарсан.
  3. Эрүүл мэндийн байдлаас болж ажлаа хийх боломжгүй болсон
  4. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол Ерөнхийлөгч зарлиг гарган огцруулах үндэслэл бий болж байна. /Энэ заалт одоогийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нэмж тусгагдсан/

Хууль зүйн байнгын хороо анх өргөн барьсан Үндсэн хууль зөрчсөн төслийг “Эрүүдэн шүүлт байна гэдгийг тогтоосон бол” гэж оруулж өөрчилснөөр үндсэн хуулийн зарчимруу хуулийн төслийг ойртуулсан юм. Гэтэл үүнийг олонхиороо устгавал Монголын прокурорууд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дор орж, бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо шүү. Үндсэн хуулийн суурь зарчимруу нулимж байгаа хэрэг болно шүү.

Эцсийн хэлэлцүүлэг дээр сайжруулж болох хувилбарууд байна. Зөвлөмж гараад үүний дагуу прокуроруудыг огцруулахгүйгээр УИХ-ын гишүүдийн 3/2-ын саналаар огцруулах эсэхийг шийддэг байж болно. ҮАБЗ гэсэн 3 хүн тойрч суугаад прокурорыг огцруулдаг байдалруу явж болохгүй.”