2019.03.28

ШШГЕГ- ын ажилтан нь өөрөө хоригдлын хувцас өмсөж ороод өдөр шөнөгүй зодсон байна

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүд үзэхээр чуулганыг түр завсарласан. Бичлэгийг үзсэн талаар гишүүд тайлбар өглөө.

Л.Оюун-Эрдэнэ:

ШШГЕГ ын ажилтан нь өөрөө хоригдлын хувцас өмсөж ороод өдөр шөнөгүй зодсон байна. Зургаан өдөр зургаан шөнө өдөр шөнөгүй ээлжлэн зодсон.Тэр ажилтан одоо болтол ажиллаж байгаа. Бичлэгт хүний эрхийг ноцтой зөрчхөөс гадна 4-5 хууль зөрчсөн үйлдэл байгааг ЗГХЭГ ын дарга хэллээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг:

Засгийн газар хэргийн мөрдөн байцаалтад саад болохгүй хэсгийг ил болгосон. Тагнуулын байгууллагаас 20 орчим минутын бичлэг үзүүллээ. Бичлэгийг үзээд Монголд ийм нөхцөл байдал байдагаа гэж бодлоо. 

Б.Содномдаржаагийн өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэн болон Амгаланбаатарыг хамт байлгаж, тэд Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй тамлаж байгаа бичлэг байна. Т.Чимгээгийн хувьд мөн шөнө Ц.Амгаланбаатар түүний өрөөнд орж, дарамталж буй бичлэг байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Хоёр жилийн бичлэг байна. Зургаан өдрийн бичлэгээс түүвэрлээд харууллаа. Үүнд хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу, дүрстэйгээр харлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Маш муухай юм байна. Өөр хэлэх үг алга. Үгээр хэлэхийн аргагүй. Даралт ихтэй хүн үзвэл хэрэггүй л юм байна даа.