Баттулга.Х Занданшатар.Г 2019.03.27 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү төсөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмжийн дагуу өргөн баригдсан юм. Тус зөвлөмжөөр  “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай юм.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бөгөөд энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.