Оюун-Эрдэнэ.Л Баярхүү.П С.Бямбацогт 2019.03.28 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг үнэлэн, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг үнэлэн, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Улсын Их Хурлын гишүүд, Монголбанк, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага, Мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Одоогоос 10 жилийн өмнө 100,000 айлын орон сууц төсөл хэрэгжүүлнэ, бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэхэд итгэх хүн цөөн байлаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт туссан Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5572 км авто зам барих, "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд Улаанбаатар хотын 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянга хүртэлх айлын орон сууцны хороолол барих зорилт үндсэндээ бүрэн хэрэгжлээ.

 Хэдийгээр хөтөлбөрт туссан орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч тэдгээртэй уялдаатай бусад зорилтууд хэрэгжилгүй орхигдсон. Тухайлбал агаар хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэх ёстой байсан ногоон байгууламж, гэр хорооллын янданг бууруулах, утаа бууруулах асуудал орхигдлоо.  Эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт цаасан дээр үлдсэн” хэмээн тэмдэглэв.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар алдаа гарч байна вэ, яагаад бүрэн хэрэгжихгүй байна вэ гэдгийг судалж, хөтөлбөрийг бүхэлд нь үнэлэн, санал дүгнэлт гаргах, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг хөтөлбөрийг бүхэлд нь үнэлж, санал дүгнэлт гарган, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байна.  

Хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой”  хэмээн онцолсон.

Түүнчлэн, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д туссан зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь чухал болохыг мөн онцлон тэмдэглэсэн юм.

Засгийн газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

 Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав таван жилээр төлөвлөхөөр Засгийн газраас хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулахаар болсон. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар, холбогдох яамд, эрдэмтэн, судлаачид, ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөхүүдээс бүрдсэн томоохон ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Засгийн газрын ажил яам, агентлаг, аймаг, нийслэл гээд бүх түвшиндээ нэг бодлогоор, нэг удирдлагаар, нэгдмэл ажиллагаатай, урт богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөлттэй байх шаардлагатай байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд онцолсон.

Энэ талаар “Улсын хэмжээнд сүүлийн 25 жилд нийт 517, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг нэртэй, маш их цаасыг Засгийн газар, яам, агентлагийн түвшинд гаргасан байдаг. Гэхдээ эдгээрээс ердөө 132 нь л хэрэгжсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Гол нь эдгээр баримт бичгүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаагүй, хөрөнгө санхүү нь тодорхойгүй, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой.

Үүнийг Засгийн газар яаралтай засах ёстой гэж үзсэн. Аливаа улс төлөвлөлт, тодорхой бодлоготой байж хөгждөг. Цаашдаа Монгол улсын хөгжлийн бодлогыг 4 хөн жилээр улс төржиж өөрчилдөг биш, дэлхийтэй өрсөлдөх алсыг харсан, цоо шинэ 25 жилийн хөгжлийн суурийг тавьсан, нэгдсэн хөтөлбөрийг боловруулахаар ажиллаж байна. 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү томоохон хөтөлбөрт одоо салбар бүрт замбараагүй байгаа олон төсөл, баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж нэгтгэнэ. Цаасан дээр үлддэг босоо загвараар биш хэвтээ байдлаар хөгжлөө төлөвлөнө. Хэвтээ загвараар төлөвлөнө гэдэг бол хэн, хаана, хэзээ, аль салбарт ямар хөрөнгөөр юу хийх нь маш тодорхой тусгагдана гэсэн үг” гэлээ.

Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байна.

2010-2016 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн удаа өөрчилсөн нь дүгнэлт хийхэд хүндрэл үүсгэсэн, хэрэгжилт нь ямар байсан талаар ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ЭХЯ, УУХҮЯ, НЗДТГ, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хэлэлцүүлгийн үеэр тайлангаа хэлэлцүүлж, иргэд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцсон юм.

Дараа нь “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт хийсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлт, цаашид анхаарах асуудал” сэдвээр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт дэвшүүлэх зарим санал” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгах нь” сэдвээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар илтгэл тавилаа.

Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг цаашид анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм.