Гурван шатны шүүх дамнасаны эцэст Б.Хурц Л.Болд гишүүний нэр төрд халдаж, гүтгэлэг тараасан нь нотлогджээ
2019.03.29

Гурван шатны шүүх дамнасаны эцэст Б.Хурц Л.Болд гишүүний нэр төрд халдаж, гүтгэлэг тараасан нь нотлогджээ

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц генерал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүн рүү чиглэсэн ноцтой мэдэгдэл хийж, бусад гишүүдийг “цааш нь ярих уу яах уу” хэмээн ам асууж, улмаар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон үргэлжлүүлэн Л.Болд гишүүний талаар ноцтой мэдээлэл цацаж байсан билээ.

Хариуд нь Л.Болд гишүүний зүгээс нэр төрөө сэргээлгэх, гүтгэлгийг няцаах үүднээс шүүхэд хандсан бөгөөд шүүхийн процесс гурван жил дамнан үргэлжилсний эцэст Дээд шүүх дээр эцэслэн шийдэгдсэн байна.

Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас тогтоол гаргаж, Б.Хурц нь УИХ-ын гишүүн Л.Болдын нэр төрд халдаж, үндэслэлгүй гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан цацсан болохыг тогтоосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү гурван шатны шүүх дамнасан процессийн эцэст УИХ-ын гишүүн Л.Болдын талаар Б.Хурцын хэлсэн үг болгон худал гүтгэлэг болох нь тогтоогдож, гүтгэлгийг ямар арга зам, хэлбэрээр тараасан түүгээрээ Л.Болд гишүүнээс уучлал гуйлгахаар даалгасан байна.