Эрүүдэн шүүлтийг баталсан 27 минутын бичлэгт юу гарав?
2019.03.29

Эрүүдэн шүүлтийг баталсан 27 минутын бичлэгт юу гарав?

Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс. Олон улсын гэрээ, конвенциудад ч нэгдэж эрүүдэн шүүх, зүй бусаар хүний эрхийг зөрчихгүй байх үүрэг хүлээсэн тусгаар улс. Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдон, шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүж буй бичлэгээс дээр дурьдсан хүний эрхүүд зөрчигджээ.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хурлын үеэр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахын өмнө энэхүү бичлэгийг пүрэв гаригт /2019.03.28/ УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ. Харин өнөөдөр тус бичлэгийг Төрийн ордны Иргэний танхимд 150 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтануудад үзүүллээ.

Зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавартай учраас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтануудад үзүүлж олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор ийнхүү үзүүлж байгаа тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.  

Бичлэг үзүүлэхээс өмнө Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан тайлбар хийсэн юм.

С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын тус бүрийнх нь 660 хоногийн бичлэг байгаа аж. Уг бичлэгийг гүйцэтгэх ажлын шугамаар хэргийг шалгах ажлын хэсгийнхэн хийсэн бөгөөд дахин сэргээж, зарим хэсгийг нь ийнхүү ил болгов.

Дахин сэргээж, ил болгохдоо зөвхөн 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу зургаан хоногийн бичлэгийг товчлон 27 минутыг гишүүд, сэтгүүлчдэд үзүүлж байгааг ТЕГ-ын ажилтан тайлбарласан. 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан баривчлан саатуулсан байдаг. Ийнхүү тэднийг Төв аймаг дахь цагдан хорих төвийн зоорийн давхарт хорьсон байна. 

Дүрс бичлэгийг тоймлон өгүүлье.

Бичлэг үзүүлэхийн өмнө агааржуулалт, цонх, бие засах хэсэг болон усгүй өрөөнд тэднийг хорьж байгааг тайлбарласан юм. Үнэхээр ч бичлэгт хоёр талын хана дагуу модон наартай, төмөр хаалга, таазнаасаа ганц чийдэн унжуулсан жижиг өрөө харагдсан.  ТЕГ-ын ажилтны хэлж буйгаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ анх хоригдсоноосоо эхлээд анхан шатны шүүх хуралд оролцох хүртлээ 476 хоног агааргүй, цонхгүй, усгүй, 00-гүй өрөөнд хоригдсон байна.    

Камерын хаалга онгойх үед Б.Содномдаржаа хана руу харж зогсов. Гаднаас хөнжил пүүгээ тэвэрсэн хоёр хүн орж ирсний нэг нь Ц.Амгаланбаатар аж. Нөгөө нь 16 жилийн хорих ял шийтгүүлсэн И гэх онц ноцтой гэмт хэрэгтэн болохыг мөн л бичлэг үзүүлэхийн өмнө тайлбарласан. 

Ингээд Ц.Амгаланбаатар орж ирсэн цагаасаа эхлэн Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ. Чи алсан биз дээ. Чи бас “паар”-ыг шатааж алсан. Үнэнээ хэлж хэргээ хүлээ” хэмээн дарамталж эхлэв. Нэг үг хэлээд л араас нь хараал урсгахын хажуугаар Б.Содномдаржаа руу гараа далайж, цохих аж. 

Цагдан хорих байрны журамд 23:00 цаг гэхэд камеруудын гэрэл унтарч, хоригдлууд унтсан байх ёстой. Гэвч бичлэгт гарч буйгаар 23:00 цаг өнгөрч байхад сүүлд орж ирсэн хоёр хоригдол Б.Содномдаржааг унтуулах нь битгий хэл галуун цуваагаар явуулж, суниалгаж, явган суулгаж байв. Тэр бүү хэл шөнийн 23:00 цагаас маргааш өдрийнх нь 14:00 цаг хүртэл галуун цуваагаар явуулж байгаа нь цаг минуттайгаа бичигджээ.

Энэ хугацаанд мөн л элдвээр харааж, хэргээ хүлээ гэж Б.Содномдаржааг дарамталсан хэвээр. Ингээд зогсохгүй түүний хувцсыг тайлуулж, савтай шээс дээрээс нь асгаж байгаа нь ч бичлэгт тод үлджээ.

Ц.Амгаланбаатар болон ялтан И нар өдрийн цагаар өөрсдөө унтаад шөнө болмогц Б.Содномдаржааг дэглэж эхэлдэг. Олон хоног унталгүй, дэглүүлсэн Б.Содномдаржаа сүүлдээ Ц.Амгаланбаатарын “Доошоо суу” гэсэн дарамтыг эсэргүүцсэний улмаас хамт хоригдож байсан И-д зодуулав. Т.Содномдаржаа энэ талаар И-д зодуулсны улмаас хавирга хугарсан хэмээн мэдүүлжээ.

Онц хүнд гэмт хэргээр шийтгэгдсэн ялтан И нь 192 см өндөр, 110 гаруй кг жинтэй бөгөөд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа хоёрын хажууд хамаагүй том биетэй болох нь бичлэгээс тодорхой харагдсан. Тэрбээр Б.Содномдаржааг хаалга руу шахаж байгаад нэлээд хэдэн удаа цохиж буй нь бичлэгт үлджээ.

Харин дөрөв дэх өдрийн бичлэгт Ц.Амгаланбаатарыг тус камераас гаргаж түүний оронд дахин өөр хүн оруулж байгаа нь харагдсан. Энэ талаар ТЕГ-ын ажилтан “Ц.Амгаланбаатарын оронд ШШГЕГ-ын ажилтныг ялтны байдлаар камерт оруулж байна” хэмээн тайлбарлав. 

Гаднаас орсон хүн тус камерт хоёр цаг орчим байхдаа мөн л Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ” хэмээн дарамтлах ажээ.

Ийнхүү 27 минутын бичлэгийн 21-т нь Б.Содномдаржаа хэрхэн Ц.Амгаланбаатар болон бусад хүмүүст дарамтлуулж байгааг харуулав. 

Харин Т.Чимгээг орондоо байхад нь гаднаас цээж нүцгэн Ц.Амгаланбаатар орж “Хэргээ хүлээ. Миний хэлж байгааг ойлгож байна уу. Маргааш байцаагчдаа юу гэж хэлэхээ бод. Хэргээ хүлээвэл гайгүй шүү дээ” гэх мэтээр дарамталж байгаа бичлэг байв. ТЕГ-ын ажилтны хэлж буйгаар Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн хоригдож буй камерт шөнийн цагаар орж 40 гаруй минут ийнхүү дарамталж байгаад гарсан байна. 

Бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Түүний хэлснээр “Б.Содномдаржаатай хамт хоригдож байсан И нь Б.Содномдаржааг дарамтлах, өөдөөс нь эсэргүүцвэл зодох, мөн ятгаж хэргийг нь хүлээлгэх даалгавартай тэнд орсон. Үүнийхээ шагналыг ч авсан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, 16 жилийн ял авсан хүн зургаан жил хоригдоод 2017 оны тавдугаар сард таван жилийг нь, мөн оныхоо аравдугаар сард дахин таван жилийг нь хасуулаад гараад ирсэн. Одоо чөлөөтэй явж байгаа” гэсэн юм. 

Мөн энэхүү бичлэгт гарсан 2 хүний хоригдож байсан хэсгийг буюу зоорийн давхрыг 2000 оноос хойш огт ашигладаггүй байсан бөгөөд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт  холбогдсон таван хүнийг цагдан хорихын тулд засаж янзалсан хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбарласан юм.

Энэ хэсэгт С.Зориг агсны гэргий Б.Булганыг хорьж байжээ.