Ц.Цогзолмаа: Дүүргүүдийг хүн амын хязгаартай болгож, тоог нь нэмэх хэрэгтэй
2019.04.01

Ц.Цогзолмаа: Дүүргүүдийг хүн амын хязгаартай болгож, тоог нь нэмэх хэрэгтэй

Үндэсний шуудан сонин, Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн ч анхны хэлэлцүүлгийг хийлгүй дөрөв дэх чуулгантайгаа золгох гэж байна. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд та нийслэлийн эрх зүйг шинэчлэх шаардлагатай гэж харж байгаа юу?

-Нийслэл хот бол улсын нүүр царай. Бид нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулбал улсын хүн амын тэн хагасынх нь асуудлыг шийднэ гэж зарчмын хувьд хандах ёстой. Мөн дэлхийн улс орнуудад хотжилтын процесс нэлээд хурдацтай хөгжиж байна. Тиймээс хотыг дагасан нүүдэл цаашдаа буурахгүй. Иргэд боломж л гарвал хот суурин газарт амьдрах хүсэлтэй болсон цаг үеийн онцлогийг бид ойлгох ёстой. Тиймээс нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагатай.

Нэг сая хүнээс дээш хүн амтай хотыг мегаполис гэж нэрлээд хотын статустай хөгжлийн бодлогоо гол чиг шугамаа болгодог. Ийм хандлага нэгэнтээ тогтсон байна. Албан ёсны статистикийн мэдээллээр нийслэл хот хоёр сая хүн амтай.

Орон нутгаас ирсэн хүмүүс, жуулчид нийлээд өдөрт 500 мянган хүний хөдөлгөөн үүсэж байна. Тэгэхээр Нийслэл эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Бид өнөөдөр, маргаашийн асуудал гэхээс илүүтэй иргэдийн асуудлыг шийдчихвэл нийслэлийнхээ асуудлыг шийднэ гэж харьцуулж харах шаардлага байгаа.

-Ерөнхий дүр зургаараа нийслэлд хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, авто замын түгжрэл, үйлчилгээний хүртээмж муу гээд л асар олон асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн эрх зүйн байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?

-Хамгийн чухлаас нь эхэлье. Одоо Үндсэн хуульд нийслэл хот байхын зэрэгцээ есөн дүүрэгтэй байна гэж заасан. Гэтэл есөн дүүргийн бүтцийг харахад хүн амаараа ч, газар нутгаараа ч эрс тэрс ялгаатай байна. Алслагдсан дүүрэг болох Багахангай гэхэд л 30 мянган хүн амтай. Харин төвийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 300 мянга гаруй хүн амьдарч байна шүү дээ.

Багахангайд 30 мянган хүнд үйлчилж байгаа хүмүүстэй адил тооны хүмүүс төвийн дүүрэгт арав дахин илүү хүнд үйлчилж байна. Ийм байхад иргэд үйлчилгээгээ хүлээлтгүй, дараалалгүй, бухимдалгүй авах боломж гарахгүй байгаа юм. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулж өөрчлөх ёстой юм.

Тухайлбал, дүүргүүдийг хүн амын тоогоор хязгаарлах, тухайн тооноос илүү хүн оршин суухаар байвал дараагийн дүүргийг байгуулах боломжийг нь хуулиар олгох нь зөв. Хоёрдугаарт, хуулиараа 1.5 сая хүний эдийн засгийн нөхцөл байдлыг баталгаажуулахын тулд нийслэл татвартай, бие даасан санхүүгийн чадавхтай, бонд босгодог байх хэрэгтэй.

Зөвхөн төсвийн мөнгөөр нийслэл хотыг хөгжүүлэх боломж байхгүй. Дэлхийн улс орнуудад нийслэл хот нь өөрөө хуультай, бие дааж бонд гаргадаг, орон нутгийн хөрөнгөө барьцаалж банкнаас зээл авч иргэдээ орон сууцаар хангадаг. Гуравдугаарт, нэг саяас дээш хүн амтай ихэнх хот даргаа иргэдээсээ сонгодог жишиг бий. Үүнийг ч дагах ёстой. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгодог, аймаг, нийслэлийн За-саг даргыг томилдог байх зохицуулалт явж байгаа. Нийслэлийн Засаг даргыг ч иргэдээс сонгох шаардлагатай гэж үү?

-Нийслэлийн засаглалыг тогтвортой байлгахад анхаарах-гүй бол огт тогтворгүй байгаад байна. Хотын даргыг иргэдээсээ сонгодог болбол хэн нэгнээс хамаарахгүйгээр тайван ажлаа хийж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Харин одоо хэрэгжиж байгаа хуулиар ИТХ-ын төлөөлөгчид гарын үсгээ цуглуулбал хотын даргыг огцруулдаг. Энэ нь нийслэлийн засаглалыг тогтворгүй болгоход нөлөөлөөд байгаа юм. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой.

Мөн хууль эрх зүйгээ нэгэнт л өөрчлөх гэж байгаа бол 40, 50, 100 жилийн хөгжлийн бодлогыг угтсан хууль гаргамаар байна. Хэдийн хөгжилд суурилсан үнэлгээ дүгнэлтээ гаргаж, зөв төлөвлөлт хийх хэрэгтэй. Энэ нь болохгүй байна гээд л хуулиа байнга өөрчлөөд байж болохгүй.

-Ямар төлөвлөлт хийвэл зөв болох юм бэ. Уг нь сайн хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос мөрийн хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, 20, 30 жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө гаргачихсан биз дээ?

-Дэлхийн улс орнууд зөвхөн хотын өнгө үзэмж, ашгаа харахаас илүүтэй иргэдийн сайн сайхны төлөө маш нарийн төлөвлөлт хийж байна. Аюулгүй байдал талаас нь яривал өндөр барилгуудаас татгалзаж эхэлсэн байна. Манай улсын хувьд далайгаас хол цунамид өртөхгүй давуу тал байгаа ч газар хөдлөлтийн аюул бий. Хүчтэй газар хөдлөлт болбол энэ барилгууд аюулгүй үлдэж чадах болов уу.

Хэд нь чанарын шаардлага хангасан бэ гэдэг нь эргэлзээтэй. Мөн 3,000-аас дээш хүн оршин суух хотхон, хорооллын цогцолборт заавал цэцэрлэг, сургууль, эмнэлэг байх ёстой гэж төлөвлөх хэрэгтэй. Хүүхдээ зөөх, эмнэлэгт үзүүлэх, сургуульдаа явах гэж түгжрэл үүсгэх шаардлагагүй. Манайх шиг нэг сая гаруй хүн амтай хэр нь 500 мянган автомашинтай хот ховор байх.Тиймээс нийтийн тээврээ хөгжүүлмээр байна.

Хүмүүс яг цагтаа явдаг нийтийн тээвэртэй бол бензин тосоо үрж, түгжрэл үүсгэн автомашинаар явахгүй шүү дээ. Бид эдийн засгийн маш их зарлагатай амьдарч байгаагаа мэдэхгүй байна.

-Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд дагуул хотуудыг хөгжүүлэхийн тулд татвараар дэмжих, дүүргүүдийг хот болгох зэрэг чухал зохицуулалт байсан л даа?

-Хуулийн төслийг хэлэлцэж эхэлбэл хүмүүс саналаа өгч, аль нь хэрэгтэй, хэрэггүй вэ гэдгийг шийдвэрлээд л явна.

-Хуулийн төсөлд нэг хүнд хэт их ачаа үүрүүлж байгаа учир нийслэлийн Засаг даргыг, Улаанбаатар хотын захирагчийн статусаас салгая гэсэн саналыг оруулж байгаа юм билээ. Энэ саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь хотын дарга өөрөө хамгийн сайн менежер, аж ахуйн ажилтай хүссэн, хүсээгүй холбогдоно. Яагаад гэвэл хотын өмчийг хэрхэн эргэлтэд оруулах вэ, байгаа өмчөө үнэтэй байлгахын тулд хэрхэн өөрчлөх, техник технологийн шийдлээ хэрхэн шингээх талаар бодно. Өнөөдөр нийслэлийн дэд бүтэц буюу хотын амин зүрх болсон хэсэг асуудалтай байна. Хүн ам нь нэмэгдэж байгаа ч газар доорх байгууламжаа шинэчилж чадахгүй байна.

Гэр хороолол, хотын зах руугаа цахилгаан, дулаан хүргэж чадахгүй байгаа нь хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Үүнд асар их хөрөнгө шаардлагатай. Бид айлуудыг шууд орон сууцанд оруулж чадахгүйгээс хойш эхний ээлжид хашаандаа тохилог сууцтай иргэдээ хэрхэн төвлөрсөн дулаанд холбох вэ зэрэг шийдлүүдийг давхар хийх хэрэгтэй. Ер нь, эрх зүйн байдлын хуулиар нэлээд том эрх зүйн чадамжийг бий болгож өгвөл хуулиа хэрэгжүүлэх үүднээс хөгжил аяндаа өөрчлөгдөнө.

Ингэхгүй бүх хүнээ орон сууцанд оруулж утаанаас сална гэвэл бидэнд даруй 60 жил хэрэгтэй байх. Өнөөдөр ашиглалтад орон сууцны хурдаар шүү. Мөн барилга барилаа ч орон сууц худалдан авах санхүүгийн боломжтой иргэд хэд байгаа билээ дээ.

-Иргэдээ бүгдийг нь орон сууцжуулах боломж хомс байгаа нь ойлгомжтой. Тиймээс гэр хорооллоо тэлэхгүй гэж үзсэн ч шинээр гэр бүл болж байгаа айл өрхүүд нэмэгдэх зэргээр тэлж байна шүү дээ? 

-Шилжиж ирсэн хүмүүс орон нутгаасаа хасалтаа хийлгэдэггүй. Энд шилжин ирснээ ч бүртгүүлдэггүй. Үүнээс улбаалж, сонгуульд санал өгч, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээ ч авч чаддаггүй. Тиймээс төрийн бодлого иргэн рүү чиглэж, нийслэлийн статусыг сайжруулах хэрэгтэй гээд байгаа юм. Нийслэлийн байшин хороолол, гэр хороолол 20 жилийн өмнө 60, 40 хувийн харьцаатай байсан.

Байшинд 60 хувь нь, гэр хороололд 40 хувь нь амьдардаг байсан. Одоо эсрэг харьцаатай болсон. Гэр хороолол тэлж, орон нутгаас ирж байгаа айлууд уулын орой дээр хашаа хатгаж, гэрээ барьж байна шүү дээ. Халтиргаа, гулгаатай үед халтирч унах, гэмтэх бэртэх нь зүгээр л болох ёстой зүйл шиг дүр зурагтай байна. Манай тойргийн сонгогчид ч бүгд гэр хорооллын иргэд. Уулын оройд байгаа айлууд нь тог цахилгаан байдаггүй.

Тэдний асуудлыг шийдэхгүй бол иргэд хохироод л байна. Нэг газар дураараа очоод буучихсан учраас тог цахилгаан нэхэж чадахгүй. Айлын хашаанд буучихсан, хаяг байхгүй учир үйлчилгээгээ авч чаддаггүй ийм дүр зураг түгээмэл байна.

-Нийслэлийн төр захиргаа сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээд бужигнаантай байлаа. Нийслэлийн удирдлагууд хөгжлийн бодлогыг хэр хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа вэ?

-Миний ярьсан зүйлүүдээс дүгнэж харвал хэрэгжилт нь муу байгаа гэж болно. Бодитой үнэлгээ, дүгнэлт хийж байж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэнэ. Хийгээгүй байж хийсэн гэж худлаа ярьдаг зүйл байдаг л даа. Гэхдээ хийсэн байна гэж бодсон ч хийгээгүй гэдгийг мэддэг иргэд бий. Тиймээс аль болох зөв төлөвлөж, эрх зүйн байдлаа сайжруулж цааш явах ёстой.

-Ярилцлагынхаа төгсгөлд сэдвээ өөрчилж, саяхан УИХ-д өргөн барьсан хуулийн төслийн талаар тодруулъя. УИХ-ын эмэгтэй гишүүд саяхан хувь тэнцүүлсэн тэтгэврийг бүрэн тэтгэврийн хэмжээнд хүргэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Олон хүүхэдтэй гэдгээрээ наснаасаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгаа. Судалгаа хийж үзэхэд 70 мянга гаруй ээж хохирч байгаа гэж гарсан. Судалгаанд хамрагдаагүй хүмүүс байж магадгүй. Хууль хэлэлцэгдэж батлах үеэр бүх зүйлийг нарийн ярьж, тодорхой болгоно. Дөрвөн хүүхэдтэй гэж тэтгэвэрт эрт гарсан мөртлөө хамгийн бага тэтгэвэр авдаг ээжүүдэд тэтгэврийн мөнгө хаана аа ч хүрдэггүй. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болж байгаа юм.

Тиймээс бид ядаж, хамгийн бага тэтгэвэр биш, амьжиргааны баталгаажих түвшний дундуур болгоё гэж байгаа. Олон ээжийн амьдралд бодитой дэмжлэг болно. Олон хүүхэдтэй гэдгээр эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэврийг нэг удаа тэгш нэмэгдүүлье гэж байгаа юм. Одоо Сангийн яам судалгаа хийж байгаа. Хэлэлцэх явцад нарийн мэдээлэл өгье.

-1997 оноос өмнө олон хүүхэдтэй гэдэг үндэслэлээр тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан билүү?

-Тийм.