С.Баатар: Мэргэжлийн холбоод сонгодог зарчмаар ажиллах чөлөөтэй хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна
2019.04.01

С.Баатар: Мэргэжлийн холбоод сонгодог зарчмаар ажиллах чөлөөтэй хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн бүрэн эрхийн дагуу санаачлан боловсруулсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-д төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар заасан байдаг.

Иймд Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

 Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллага болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах зорилгоор УИХ-ын вэбсайтын цахим хэлэлцүүлгийн хэсэгт байрлуулаад байна.  http://forum.parliament.mn/projects/525

 

Дээрх хуулийн төслийн талаар Судлаач С.Баатар өөрийн байр суурийг дараах байдлаар илэрхийлжээ.

Дэлхийн янз бүрийн бүс нутагт мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, арга барил нь харилцан адилгүй байдаг.

  • Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, улс төрийн хяналттай улс орнуудад тэдгээр нь цэвэр олон нийтийн байгуулагын үүргийг гүйцэтгэдэг.

Ийм статустай мэргэжлийн холбоод одоо зах зээлийн салбарт ажиллаж байна. Харин

  • Эдийн засаг нь зах зээлийн харилцаанд суурилдаг бол хөрөнгө оруулалтын хуваарилалтад мэргэжлийн холбоо нь чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бизнесийн ашиг сонирхолд нөлөөлж буй шийдвэр гаргахад оролцож нийт салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн төслийн үзэл баримтлал маш зөв байгааг Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл болон ярилцлагаас ойлголоо. Гэхдээ зарим нэг тодотгох зүйл байна. Энэ хууль нь улс орны эдийн засагт томоохон үүрэгтэй уул уурхай, барилга, эрчим хүч гэх мэт томоохон ассоциациудын үйл ажиллагааг баримжаалан боловсруулсан төсөл байна гэж харагдлаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл шаарддаг эдгээр салбарт энэ хууль тодорхой хязгаарлалттай хэрэгжих юм байна.

Харин эдийн засагт нөлөөтэй, ялангуяа ажлын байр олноор бий болгодог жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг салбарт ч гэсэн мэргэжлийн холбоод ажиллаж байна.

Мэргэжлийн холбоод төртэй хамтарч ажиллаад зогсохгүй бие даан үйл ажиллагаа явуулж, төрийн бодлого хүрч чадахгүй байгаа тэр зах зээлийг мэргэжлийн удирлагаар хангаж ажиллах юм. Энэ салбарын зарим ажил үйлчилгээ нь тусгай зөвшөөрөл шаардагдахгүй тул холбоодод нь дээрхи сонгодог зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах чөлөөтэй хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна.

Хуулийн төсөлд:

5.3. “Монгол Улсад тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо нэг ажиллана.” гэжээ.

Энд нэг ойлгомжгүй зүйл байна. Энэ хуульд Мэргэжлийн нэгдсэн холбоо гэсэн томъёолол бий. Яг мэргэжлийн холбоо гэж юу вэ? гэсэн заалт алга. Мэргэжлийн холбоо гэдэг ойлголтыг энд оруулж өгөх хэрэгтэй байна. Мэргэжлийн холбоо нь тодорхой нэг мэргэжлийн ашиг сонирхлыг төлөөлж, дэмжих зорилготой хуулийн этгээд юм.

Ажил үйлчилгээ нь зөвшөөрөл, лицензтэй, чанартай хариуцлагатай байхыг шаарддаг, зохицуулалт шаарддаг мэргэжлүүдээр ихэвчлэн мэргэжлийн холбоо байгуулж ажилладаг. Ийм мэргэжлийн холбоодыг олон улсад “зохицуулалтын эрх мэдэл бүхий мэргэжлийн холбоо” гэж нэрлэдэг. Ийм мэргэжлийн холбоод манай зах зээлд хэрэгтэй байна. Ижил төстэй мэргэжлийн холбоод нийлж нэгдээд МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО байгуулж, тухайн салбарт үйл ажиллагаа явуулна гэдгийг дэмжиж байна.

5.1. “Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа  явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна.”

Хэрэв төрийн зарим чиг үүргийг мэрэгжийн холбоо гүйцэтгэнэ гэвэл түүний үйл ажиллагаа тодорхой салбар зах зээлийг бүхэлд хамарсан байнгын үйл ажиллагаатай байх ёстой. Салбар, зах зээл болгон өөрийн онцлогтой тул энэ хууль бүх салбарын ашиг сонирхлыг хангаж чадах уу? Зарим салбарт мэргэжлийн холбоо болон төрийн бус байгуулага нь 30 хүрэхгүй. Иймд энэ тоонд хүрэхийн тулд дахиад баахан зохиомол жижиг байгуулагууд бии болох эрсдэл бий.

7 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл.

“Тухайн салбарын мэргэжлийн холбоог төр болон салбартаа хүлээн зөвшөөрөгдөх байдлын хамгийн чухал шалгуур үзүүлэлт нь ямар нэг албан тушаалтан байгуулага зөвшөөрч баталгаажуулах биш. Харин тухайн салбарын нийт гишүүн байгуулага, эсвэл түүнд ажиллагсад хүлээн зөвшөөрөх ёстой. Цөөн хэдэн аж ахуй нэгж нэгдэж мэргэжлийн холбоо нэрийн дор салбарыг гадаад, дотоодод төлөөлөх нь боломжгүй зүйл. Энэ нь мөн олон ижил холбоо үүсч хамтарч чадахгүй бүр янз бүрийн эрх ашгий зөрчил үүсгэнэ. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажил мэргэжилтэй хүн, аж ахуйн нэгж  нь мэргэжлийн холбоонд гишүүнчлэл сайн дурын байх уу эсвэл бүрэн гишүүнчлэлтэй байх уу гэдгийг тодотгох хэрэгтэй байна. Лиценз, зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулна гэвэл бүрэн гишүүнчлэлтэй байх нь чухал юм. Тэгвэл мэргэжлийн холбоо нь салбар, зах зээл, бүх гишүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

Мөн мэргэжлийн нэгдсэн холбоо нь заавал (албадан) гишүүнчлэлтэй байж болно гэсэн заалт оруулмаар байна. Энэ нь бусад хуулийн гишүүнчлэл нь сайн дурын байх гэсэн заалтыг зөрчихгүй гэж үзэж байна.

7.4.2. хувь хүн нь тухайн салбарын магистраас дээш боловсролын зэрэгтэй, эрдэмтэн, судлаач байх;

7.1. мэргэшсэн хувь хүн байна гэж заасан мөртлөө 7.4.2. дипломын боловсролоор хязгаар зааж өгчээ. Мэргэжлийн холбоо гэдэгт олон төрлийн ажил мэргэжил байдаг ба зарим мэргэжил дээд боловсрол шаарддаггүй анхаарч үзнэ үү.

7.4.3. аж ахуйн нэгж нь тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөө хуулийн этгээд байх.

Мэргэжлийн холбоо нь тухайн зах зээлрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж нийт салбарын хэмжээнд стандарт, ажил үйлчилгээг бодлогоор зохицуулах дэмжих шаардлага гарна. Хэрэв 5 жилээс дээш ажилласан хуулийн этгээд байвал бусад хөгжилөөр хоцорч яваа жижиг болон старт-апууд яах болж байна вэ? Эдгээр жижиг аж ахуйн нэгжүүд зарим салбарт зах зээлийн дийлэнхи болдог тул мэргэжлийн холбооноос явуулах үйл ажиллагаанд оролцох боломжийг нээлттэй байлгах хэрэгтэй.

10 дүгээр зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүрэг

Чиг үүрэг гэсэн энэ хэсэгт үйл ажиллагааны чиглэлийг зарим нэг зүйлийг нарийвчилж оруулж өгөх зүйтэй байна. Ер нь зөвшөөрөл өгдөг төрийн байгуулагын зүгээс хуулиа барьж Мэргэжлийн нэгдсэн холбоотой ажиллах учраас хэт ерөнхий агуулгатай байх нь дараа нь хамтран ажиллахад хязгаар тавьж холбоо нь үйл ажиллагааг доголдуулахад хүргэнэ.

10.1.8. Мэргэжлийн нэгдсэн холбоо дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор

зах зээл дээр үйлчлэх үнийн бодлогод ямар байр суурьтай байх талаар дурдаагүй байна. Үнэ бол үр дүнтэй бизнес явуулах хамгийн чухал хөшүүрэг юм.Тодорхой салбаруудад үнийг зохицуулах нь холбооны нэг анхаарах асуудал мөн.

10.1.5. салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, зөвлөмж хүргүүлэх;

Салбарт дутагдалтай мэргэжилтнүүдийг сургахад мэргэжлийн холбооны  оролцоо чухал байдаг. Одоо зах зээлд нарийн мэргэжлийн ажилчид маш дутагдалтай байна. Иймд зах зээлд хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг зөвхөн мэргэжлийн холбооноос тогтоосон стандарт шалгуураар баталгаажуулдаг байх ёстой. Ийм систем цаашдаа үйлчлэх хандлагатай ба үүнд чиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулах эрхтэй байх.

10.1.3. төрийн байгууллагын зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

Төрийн байгуулагын зарим чиг үүрэг гэдэг ч маш ойлгомжгүй учир үүнийг тодотгох хэрэгтэй байна. Төрийн байгуулага нь өөрийн чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлэх сонирхолгүй байдаг. Зөвхөн төрийн байгуулагын албан тушаалтны саналаар зарим чиг үүргийг гүйцэтгэх үү? Эсвэл холбооны зүгээс тавьсан саналаар асуудлыг шийдэх үү? Хоёр тал хэлэлцээр хийж гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт оруулмаар байна.

10.1.6. мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, мөрдүүлэх;

Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бол мэргэжлийн холбоо стандартаа тогтооно. Харин төрийн байгуулага хуулиар стандартыг хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй. Сүүлийн 20 жилийн туршлагаас харахад зарим зах зээл төлөвшиж чадахгүй эмх замбараагүй байдал газар авсан байдаг. Эндээс аж ахуй нэгжүүд стандартыг сайн дураар хэрэгжүүлээд ирсэн зүйл дийлэнхи зах зээлд алга. Өөрөөр хэлбэл бодлого дэмжлэг хэрэгтэй юм. Мэргэжлийн холбоо салбартаа стандартыг мөрдүүлэхэд хэрэгтэй механизм нь хуульд алга. Ингээд салбарын хөгжил удааширч, цаг хугацаа алдаж хохирол учрах эрсдэл байна.

18 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны санхүүжилт, түүний эх үүсвэр

Энд зарим салбар нь санхүү хүч хөрөнгө дутагдалтай байдаг тул мэргэжлийн холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх нь хүндрэлтэй байдаг. Энд мэргэшсэн аппарат байнгын үйл ажиллагаа явуулах ёстой. Иймд мэргэжлийн нэгдсэн холбоо нь санхүүжүүлэх ашгийн үйл ажиллагаа явуулах шаардлага бий болно.

Би энэ саналаа 950 мянган автомашинтай зах зээлд ажил үйлчилгээ үзүүлдэг авто засвар болон түүнтэй холбогддог бусад ажил үйлчилгээний бизнесийн хөгжил болон тэнд ажилладаг мэргэжилтэй ажиллагсдын эрх ашгийг хөндөж мэргэжлийн холбоо байгуулж ажиллах хууль, эрх зүйн боломжийн тухай бичлээ.

 С.Баатар

                                          2019.03.25