“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд нийт 11.0 сая тонн нүүрс борлуулсан байна
2019.04.01

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд нийт 11.0 сая тонн нүүрс борлуулсан байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан билээ. Асуулгын хариуг өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ирүүлжээ.

Асуулга 1: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлын талаар.

Хариулт: УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжах, эргэлтэнд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын болон компанийн бүтцэд хувьцаа хариуцсан газар, нэгжийг байгуулан ажиллаж байна.

Хувьцаа гадаад зах зээлд арилжих хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

  • Нөөц
  • Дэд бүтэц, төмөр зам
  • Цахилгаан станц
  • Үнэт цаас гаргах бэлтгэх

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг гадаад зах зээлд арилжиж хөрөнгө оруулалтыг эрчимжүүлснээр шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлэх олборлолт баяжуулалтын түвшинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Ингэснээр компанийн орлого үнэ цэнэ нэмэгдэж, төр, иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаа эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдэх юм.

Асуулга 2 : “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг 720 тэрбум төгрөгөөс хэдий хэмжээний ногдол ашиг иргэдэд олгох талаар.

Хариулт:  “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан цагаас хойш нийтдээ 192.2 метр квадрат хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, нийт 45.92 сая тонн нүүрс олборлосон бөгөөд үүнээс 2018 онд нийт 11.0 сая тонн нүүрс борлуулсан байна.

Иинхүү үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсээр 2018 оны аутлагдаагүй тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1.986.9 тэрбум төгрөг улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр нийт 484.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 801.1 тэрбум төгрөг хүрсэн. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлогынм хэмжээ 804.5 тэрбум буюу 68 хувиар, цэвэр ашгийн хэмжээ 340 тэрбум төгрөг буюу 74 хувиар тус тус өссөн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн хурлаар ногдол ашиг хувиарлах асуудлыг хэлэлцээд “нэгж хугацаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарьлах тухай” Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 дугаар тогтоолыг баталсан болно.

Асуулга 3 : Нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, экспортын орлогыг  илүү өсгөхөд чухал ач холбогдолтой шинэ төмөр замыг хэзээ ямар чиглэлд хэрхэн барих тухайд Засгийн газар ямар бодлого боловсруулж байгаа тухайд.

Хариулт: Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий Төрийн өмчийн 51-с  доошгүй хувийн оролцоотой “Таван толгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан.

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд нийт 197.3 сая ам долларын санхүүжилт хийгдсэн бөгөөд төслийн газар шорооны ажил 86,6 хувийн гүйцэтгэлтэй, гүүр, хоолой 52.76 хувь, нийт барилгын ажил 51.84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засгийн газрын 2018 оны “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тухай” 153 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолоор төрийн өмчийн 51-с доошгүй хувийн оролцоотой “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг “Дорнын төмөр зам” ХХК хамтран байгуулахаар тусгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Асуулга 4: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нүүрс угаах гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар.

Хариулт: Өнөөгийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулаад байгаа бөгөөд олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, усан хангамжийн эх үүсвэрийн шийдлийг болон жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан болно.

Баяжуулах үйлдвэрийн усан хангамж бүтээн байгуулалтын эхний хэсгийг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн нүүрс гүн боловсруулах үйлдвэр үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулах ажлын хүрээнд эдгээр төслийг урт хугацааны 5-10жил стратегийн төлөвлөгөөнд оруулсан ба хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгааны ажлыг салбарын яам, агентлагтай хамтран гүйцэтгэж байна.

Асуулга 5: Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах шинэ эх үүсвэрийг барих Өмнөд говийн бүс нутгийн уул уурхайн цахилгааны хэрэглээг хангах, Тавантолгойн уурхайн нүүрсээр ажиллах цахилгаан станцыг барих асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар.

Хариулт: Нэгдсэн системд ажиллаж буй эх үүсвэр, импортын эрчим хүч авах дамжуулах шугамын хүчин чадалыг тооцож системийн чадлын дээд хэмжээг 2021 оны түвшинд гаргахад 1605 МВт байгаа тул 2019 оноос эхлэн системийн хэмжээнд чадлын дутагдалд орох нөхцөл байдал үүсэхээр байна.

Монгол улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, үүний дотор төвийн бүсэд дунд болон урт хугацаанд Тавантолгой ДЦС, Багануурын ДЦС, Бөөрөлжүүтийн ДЦС, Эгийн голын УЦС зэрэг эх үүсвэрийн төслүүдийг эхлүүлсэн ба үүний дотор Тавантолгойн 300 МВт-ын ДЦС-ын төслийг Оюутолгой компанитай хамтран хэрэгжүүлж 2023 онд дуусгахаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”г 2018 оны 12 дугаар сарын 31 нд байгуулан, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна.

Асуулга 6: Уул уурхайгаас тэр дундаа  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олсон цэвэр орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахад зарцуулах боломж бий эсэх талаар.

Хариулт: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэл хотод оруулахыг хориглох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх зорилго бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нийгмийн хариуцлагын хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, “Тавантолгой түлш” ХХК-д шаардагдах санхүүжилтийг олгохыг даалгасан.

Уг компани жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган айл өрхийн хэрэгцээг хангах юм.

Асуулгын хариуг бүрэн эхээр нь ЭНД дарж танилцана уу