Сумъяабазар.Д Бат-эрдэнэ.Ж Б.Бат-Эрдэнэ 2019.04.02 | Vip76.mn

Алт олборлогчид таван хувийн АМНАТ төлнө

Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон.

Түүнтэй холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг хүлээж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан билээ.

2018 оны эцсийн байдлаар Монголбанк 22 тонн алт худалдан авчээ. Энэ 2017 оны эцэстэй харьцуулбал 9,5%-иар өссөн үзүүлэлт юм.

УИХ-ын ээлжит бус чуулганын 2019.03.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталлаа.

Хуульд тусгагдсан гол өөрчлөлтүүд:
  • Алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс рояалти татвар авна.

Өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсан бол энэ хууль батлагдсанаар алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс ч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти татвар авах юм.

  • Алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгов.

Хэд хэдэн удаа хойшлогдсон  уг хуулийн төслөөр алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар үргэлжлүүлэн хугацааг нь сунгах гэж Засгийн газар өргөн мэдүүлсэн ч УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж 5 хувь болгон нэмэгдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Алтны татварыг 2,5% хэвээр үлдээх саналыг дэмжихгүй байна. Ядаж 4%-д хүргэх ёстой гэж үзэж байна. Алтны нөөцийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа нь зөв ч татвар нэмэгдэхээр хилээр гаргаад байна гэдэг.

Үүнийг шийдвэрлэх боломж байгаа. Бүх л аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахдаа төлөх ёстой бүх л татвараа төлж байна. Гэтэл нөхөн сэргээлт хийхгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох арга байхгүй байгаа нь төрийн хариуцлагагүйг харуулж байна.”

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Алтны татварыг 2,5%-иар хэвээр нь үргэлжлүүлэхийг дэмжихгүй байгаагаа би хэлсэн. Миний санал бол 5%-ийн татвар тогтоох.”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

"2,5 хувь бол Монголбанк, салбарын яам хоёрын бодит тооцоо судалгаа дээр суурилж гаргасан тоо. Үүнийг нэмсэнээс болж төгрөгийн ханш унавал УИХ-ын гишүүдтэй хариуцлага ярина" гэж хатуухан байр суурь илэрхийлж байсан юм.

Өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар ЗӨВХӨН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЭЗЭМШИГЧ нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр зохицуулагдсан байсан.

Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар тусгай зөвшөөрөлгүй бичил уурхайгаар дамжуулж АМНАТ-өөс "бултдаг" байдлыг зогсооно гэж үзэж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

“Хууль батлагдсанаар алт олборлогчдын үйл ажиллагаанд таагүй байдал үүсэх, тушаах алтны хэмжээ буурах сөрөг нөлөө гарахгүй гэж үзэж байна.

Татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

2018 оны дүнгээр 22 тонн буюу рекорд хэмжээний алт тушаасан амжилтаа ахиулж, Монголынхоо баялгийг Монголынхоо хөгжил, монгол хүнийхээ сайн сайхны төлөө зориулах үйлстээ их амжилт олохыг алтны салбарынханд хүсэн ерөөе” хэмээсэн юм.