Чинзориг.С 2019.04.02 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээр өнөөдөр эхэллээ.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, иргэдийн орлогыг өсгөх, ажлын байр бий болгох талаар хоёр жилийн ажлын төлөвлөгөө боловсруулах уг хэлэлцээрийг Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) байгуулдаг. 2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр амжилттай хэрэгжсэнийг талууд онцлов. Тухайлбал, өрхийн орлого 2018 онд өмнөх жилээсээ 16 хувиар өссөн, ажилгүйдэл гурван хувиар буурсан зэрэг тоон үзүүлэлтийг ХНХ-ын сайд С.Чинзориг дурдлаа.

Мөн тэрбээр, “Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг даван туулсан. Гэхдээ эмзэг хэвээр байна. Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Цаашдаа ч иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээх бодлого баримтлах болно” хэмээв.