Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэлэлцэнэ
2019.04.02

Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэлэлцэнэ

Засгийн газар маргааш буюу энэ сарын 3-нд Төрийн ордонд хуралдаж, 21 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар, “Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай хэлэлцэх юм. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүн, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төслийн тухай, “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар зэрэг багтжээ.