А.Ундраа 2019.04.04 | Монголын үнэн

А.Ундраа: Ерөнхийлөгч засаглалын тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй төсөл оруулж ирсэн

А.Ундраа: Ерөнхийлөгч засаглалын тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй төсөл оруулж ирсэн

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж, баталсан.

Харин тус хуулийн төслийг 10 гишүүн дэмжээгүй. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн А.Ундраа байсан бөгөөд тэрбээр Үндсэн хууль болон ардчиллын зарчмаас ухарсан, засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдуулах эрсдэлтэй хуулийн төсөл оруулж ирсэн учраас дэмжээгүй гэдгээ хэлсэн байна.


Тэрбээр “Хууль хяналт, шүүх засаглалын байгууллагад өнөөдөр алдаа дутагдал байгаа гэдэгтэй би санал нийлдэг. Ялангуяа хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүж, хүний эрхэд хүнлэг бусаар хандсан асуудлыг таслан зогсоож, алдаа гаргасан хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй. Гэвч системийг бүхэлд нь сулруулах шийдвэр гаргасан нь буруу. Өнгөрсөн 30 жил ардчилсан нийгмийг бүтээхэд алдаа, оноо байсныг үгүйсгэхгүй ч энэ бүхэн амар хялбар олдоогүй нь мэдээж. Үүнээсээ ухарсан шийдвэр гаргасан гэж миний хувьд дүгнэж байгааг хэлжээ. Мөн тус хуулийн төслийг хэрэгжүүлснээр үүдэн гарах сөрөг үр дагаврын талаар “Шүүх, прокурор болон бусад хууль хяналтын байгууллагыг улстөрчид бие биеэсээ өшөө авах хэрэгслээ болгож ашиглах вий дээ гэдэгт би хамгийн их санаа зовниж байна. Олон нийт шүүх засаглал, төрд итгэх итгэл сайнгүй байгаа энэ үед төрийн эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж болохгүй" гэжээ.