Б.Энх-Амгалан 2019.04.04 | TV5

“АН-2” онгоцны залгамжлагч “ТВС-2МС” агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдлээ

“МИАТ” компанийн инженер техникийн хамт олон “АН2” онгоцны далавч, их биед засвар хийж хөдөлгүүр, сэнсийг шинэчлэн “ТВС-2МС” агаарын хөлгийг бүтээгээд байна.

“АН2” агаарын хөлгийн залгамжлагч болсон энэ онгоц байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд нислэг үйлдэх чадалтай юм. Мөн өвлийн улиралд зузаан цасан бүрхүүл тогтсон талбайд хөөрөлт, буулт үйлдэхэд тохиромжтой байдлаар онгоцны хөл ангид нь цана суурилуулжээ.

Эхний ээлжинд 2 ширхэг онгоцонд засвар, шинэчлэл хийсэн байна. Нэг нь суудлын зориулалттай бол нөгөө нь хөдөө аж ахуйн салбарт зориулагджээ. Суудлын онгоцны салон, тохижилт, хэрэглэл нь орчин үеийн онгоцныхтой ижил юм. Онгоц 9 хүний суудалтай, ариун цэврийн өрөөтэй болж шинэчлэгджээ.

Харин энэ онгоц ойн бүсийг хортон шавжнаас хамгаалах, ой хээрийн түймэртэй  тэмцэх ажилд чухал ач холбогтойг албаныхан онцолж байна. Дотроо 1000 кг-ын багтаамжтай пункертай. Үүнд хуурай хорноос гадна 1000 литр шингэн хор агуулах юм.

ТВС-2МС агаарын хөлгийг цаашлаад аялал жуулчлалын салбарт ашиглахаас гадна гадны зах зээлд нийлүүлэх боломж харагдаж байгааг салбарын сайд Б. Энх-Амгалан онцоллоо.

Шинэчлэгдсэн АН2 буюу ТВС-2МС агаарын хөлөг өнөөдөр туршилтын нислэг үйлдэж, амжилттай газардлаа.