Б.Дэлгэрсайхан 2019.04.05 | Өглөөний сонин

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Дубайн гэрээг цуцлахгүйгээр сайжруулах шаардлагатай

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Дубайн гэрээг цуцлахгүйгээр сайжруулах шаардлагатай

УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны гуравдугаар сард Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа билээ. Тэгвэл саяхан тус Ажлын хэсгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт Дубайн гэрээг сайжруулах, эсвэл цуцлах саналыг хүргүүлсэн гэх мэдээлэл бий

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбиш-дагваар ахлуулсан Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах санал УИХ-ын даргад хүргүүлсэн. Та УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгээс зөв л дүгнэлт гаргасан гэж ойлгож байна. Учир нь, явцын мэдээллийг Д.Тэрбишдагва гишүүн холбогдох байнгын хорооны хуралдаанаар гишүүдэд өгч байсан.

-Дубайн гэрээг цуцлах ёстой гэх мэдээллийг үү?

-Цуцлах биш л дээ. Энэ гэрээг яавал сайжруулах уу, гарсан татварын зөрчил зэрэг мэдээллийг л гишүүдэд өгсөн. Мэдээж тухайн үед Дубайн гэрээнд гарын үсэг зурсан нөхөд нь хариуцлагаа хүлээх биз. Ямартай ч одоохондоо тэр гэрээг сайжруулах, эсвэл хүчингүй болох эсэх н ь шийдэгдээгүй байна. Гэхдээ гэрээг цуцлахгүйгээр улам сайжруулах л шаардлагатай.

-Ингэхэд Дубайн гэрээг цуцлах нь гадаад хөрөнгө оруулалтад хэр сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Гадаад хөрөнгө оруулалт бол маш чухал. Бүгд санаа зовж байна. Гол нь хоёр тал тохиролцох л хэрэгтэй. Цаад нөхөд нь ч гэсэн тэнэг хүмүүс биш байх. Гэрээгээ цуцлахгүй, харин ч сайжруулах шаардлагатай гэж бодож байгаа байх. Энэ ч утгаараа УИХ-аас Ажлын хэсэг гарч ажиллаж байна.

-Монголын талд Оюутолгойн ордын лиценз 100 хувь бий юу. Гадны банкны барьцаанд байгаа гэх мэдээлэл бас бий шүү дээ?

Ямар ч улсын уул уурхайн компани лицензээ барьцаанд тавьж хөрөнгө босгодог. Тэрхүү хөрөнгөөрөө бүтээн байгуулалтын ажил хийдэг. Энд худлаа шоудаж, улстөржих шаардлагагүй гэж бодож байна. Бидний улстөржилт арай л хэтэрч байна шүү дээ.

-Дубайн гэрээг цуглавал зээл олгосон арилжааны 15 банк Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ юм л бол арбитр гэж айлгадаг биз дээ. Хамгийн гол нь тохиролцох л шаардлагатай. Ширээний хоёр талд суугаад гэрээгээ сайжруулах л хэрэгтэй.