Ч.Улаан Ж.Энхбаяр 2019.04.05 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна

Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын  орлогыг тогтвортой байлгахад анхаарна

Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүдын уулзалт боллоо.

Уулзалтанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар оролцлоо. Тариаланчдын төлөөлөл хөрсний үржил шим хамгаалал, техникийн шинэчлэл, үрийн чанар, тариаланчдад олгох дэмжлэг, улаан буудайн үнийг чөлөөлөх, ургацаа ахиулах,  ургамал хамгааллын бодис, үр, бордооны зөвшөөрөл, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг, ногоон тэжээлийн стандартыг шинээр батлуулах, ХАА-н зориулалттай трактор машин, ургамал хамгааллын бодис, бордоог гаалийн татвараас чөлөөлөх, яам холбоо хамтран ажиллах санамж бичгийг байгуулах асуудлыг хөндөж, салбарын сайдад энэ жилийн хаврын тариалалтын өмнө ийнхүү танилцуулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “ТЭДС-нд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орно. Тус сангаас дэмжлэг хэвээрээ олгож байна. Энэ хавар үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, техникийг зээлээр олгоно. ТЭДС-д 4.8 мянган тонн, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт   6.6   мянган тонн үрийн буудай байна. ОБЕГ-ын үрийн буудай гаргах талаар удирдлагатай нь ярьсан. Тариаланчид, яам, ОБЕГ-тай харилцан нөхцөлөө тохироод гурвалсан гэрээ байгуулаад үрийн буудайг борлуулна.

Тариаланчид та бүхний хичээл зүтгэлийн дүнд улаанбуудай, гурилын үнэ тогтвортой байгаа. Гурил, улаанбуудайн үнийг өнөөгийн нөхцөлд чөлөөлж болохооргүй байна. Ард иргэдээ баталгаатай хүнсээр хангах хэрэгтэй. Тулгарч байгаа асуудлыг хамтарч шийдэх арга замаа ярья.

Газар тариалангийн хөгжлийн бодлогын талаар шуурхай уулзаж зөвлөдөг бодлогын зөвлөл байгуулахыг дэмжиж байна. Бодлогын зөвлөл дээр үнийн бодлого болон бусад зүйлийг  ярьж хэлэлцээд Сайдын зөвлөлд асуудлаа оруулж, танилцуулдаг байж болох юм. “ гэв.

Салбарын сайд Тариаланчдын улсын зөвлөгөөнийг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулна.  Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёрыг ойртуулан, хүний нөөц бэлтгэх механизмаа гаргана гэдгийг онцлов.