2019.04.05

С.Чинзориг: Олон жил шийдэгдээгүй хэргүүдийг шуурхай, шударга шийдвэрлээрэй

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг:

“Прокурорын байгууллагын бүх л шат, энэ байгууллагын системд ажиллаж байсан хүний хувьд итгэж байна. Томилогдох гэж байгаа нөхцөл байдал нилээд амаргүй, хүнд үе байна.

Ард иргэн биднээс, Монгол төрөөс, Таниас нэг зүйлийг харж байна. Монгол Улсад шударга ёс тогтох нь уу гэсэн хүлээлт байна. Та иргэдийн энэ хүлээлтийг биелүүлж зарчимч, шударга ажиллана гэж итгэж байна. Монголд иргэн бүрт хууль алагчлахгүй, эрх тэгш үйлчилдэг зарчмыг та баримтлаарай.

Хууль хяналтын байгууллага болон прокурорын байгууллагын нэр хүнд ард иргэдийн дунд маш ихээр унасан. Шалтгаан нь томилгоо явуулж байгаа зарчим буруу явсантай холбоотой. Мэргэжлийн чиг баримжаа алдагдсан, Улс төрч хүнийг прокурорт томилж байсан. Томилсон хүндээ, бүлэглэлд үйлчилдэг байдал нөлөөлсөн гэж үзэж байна.

Олон түмэн олон жил яригдсан, томоохон гэх хэргүүд шударга шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байна. Эдгээрийг хуулийн хүрээнд шуурхай богино хугацаанд шударгаар шийдвэрлэн цэг тавьж өгнө үү?

ЖДҮ-тэй холбоотой асуудал ч байна. Үүнийг та прокурор болвол УИХ-ын гишүүд хамааралтай эсэхийг шалган тогтоож, шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна.”