Л.Мөнхбаатар 2019.04.05 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: Хууль, хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллаарай

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

“Прокурорын байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг томилох, улс төрч томилогдох нөхцөл өмнөх хуулиар бүрдсэн байсныг Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулж батлан 10-аас дээш жил ажилласан болон прокурорын орлогч байсан хүнийг томилно гэж зааснаар та томилогдохоор хэлэлцэж байна.

Мөн бүрэн эрхийн хугацааг 6 жил гэж хуульд заасан. Ерөнхийлөгч энэ хугацааг санал оруулахдаа тусгайлан оруулж бас болох байх.

Прокурорын тухай, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Эдгээр хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Эрүүгийн нөхцөл байдлын талаар ерөнхий прокурорын мэдээллийг сонсох шаардлага байгаа. Үүнийг оруулж ирээрэй.

Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь дуусах хүртэл оролцдог эрхтэй хүн бол прокурор байдаг. Энэ үүднээс эрүүдэн шүүх, ялтантай зүй бусаар харьцах зэрэгт хяналт тавьж ажиллаарай. Хууль болон хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд анхаараарай.

Мөн прокурорын ажилтнуудын ёс зүйтэй холбоотой асуудал сүүлийн үед ихээр яригдаж хууль хяналтын байгуулагын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Хууль хяналтын байгууллагуудын дэргэдэх ёс зүйн хороод нь хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.”

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гишүүний Хууль зүйн байнгын хороо дээр хэлсэн үгийг мөн хүргэж байна.