Даваасүрэн.Ц 2019.04.08 | Өдрийн сонин

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбар 2018 онд 7,3 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэсэн

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбар 2018 онд 7,3 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэсэн

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа.

Энэ хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 124 компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тушаал гарган 2018 оныг "Эрчим хүч хэмнэлт-Үр ашгийн жил” болгон ажилласан.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН:ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 2018 ОНД 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭСЭН
Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээний талаар мэдээлэл өгч болох уу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4  сая Гкал дулаан үйлдвэрлэж, импортоор 1.7тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан бөгөөд үүний 1.3тэрбум кВт.ц цахилгааныг БНХАУ-аас Оюутолгой ХХК, үлдсэнийг нь ОХУ-аас төвийн болон баруун бүсийн систем авсан.

Өмнөх онтой харьцуулахад 2018 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ  9.4 хувь, дулааны эрчим хүчний хэрэглээ 4.8 хувиарнэмэгдлээ. Эрчим хүчний борлуулалтын орлого 952 тэрбум болж өмнөх оноос 97.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Татвар шимтгэлд нийтдээ 289.1 тэрбум төгрөг төлжээ.

-Өнгөрсөн онд импортын цахилгааны хэмжээ нэмэгджээ. Яагаад нэмэгдэх болов?

-Импортын цахилгааны гол хэрэглэгч нь Оюутолгой ХХК. Тус компани жилдээ 1.3 тэрбум орчим кВт.цаг цахилгааныг БНХАУ-аас импортоор авч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК-ийн хооронд Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахаар тохиролцож “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г өнгөрсөн оны сүүлээр байгуулсан.

Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Та тушаал гарган, 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт-Үр ашгийн жил” болгон зарласан. Хэр үр дүнд хүрсэн гэж та үзэж байна вэ?

-Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл тулгамдсан асуудал болж байна. Монгол улс эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж 2015 онд Улсын Их Хурлаас Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан.

Мөн Засгийн газраас  2017 онд Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан байгаа. Хэмнэлтийг эрчим хүчний салбар өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэж үзэн 2018 оныг Эрчим хүч хэмнэлтийн жил болгохоор шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлтийн жилийн хүрээнд эрчим хүчний үйлдвэр компани бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гаргаж нийт 545 хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн төвийн бүсийн томоохон 12 компанитай “Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал буурсан. Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар 33,2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч буюу 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан байна.

Дотоодын дулааны цахилгаан станцуудын диспетчерийн график төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр урамшуулал олгох журам тогтоосноор 2018 оны хэрэглээний өсөлт болох 270 сая кВт цахилгааны 92 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж 28 тэрбум төгрөгөөр импортын эрчим хүчний төлбөрийг бууруулсан. Эрчим хүч хэмнэлтийн хууль батлагдснаас хойш 82 эрчим хүчний аудитор, 151 эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэж, ажилд оруулаад байна.

Өнгөрсөн онд нийт 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэж, эрчим хүч хэмнэх тодорхой төлөвлөгөө  гарган ажиллаж байна. Мөн эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар  олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын оролцоотойгоор Ерөнхий боловсролын 241 сургуулийн 139 мянга гаруй хүүхдэд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг заасан гээд маш олон ажлууд хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн.

-Цаашид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Засгийн газраас Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөрийг баталсан.  Энэ хөтөлбөр маань 2018-2022 оны хооронд хэрэгжинэ. Хөтөлбөрт 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгаж өгсөн байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын хэмнэлт бий болох боломж бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.