Н.Энхболд 2019.04.08 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөв

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтонтой уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны асуудлаар харилцан ярилцлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газрын дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгаж, нэр бүхий гишүүдээс Конгрест өргөн барихаар бэлтгэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах үйл ажиллагаанд дэмжлэг хүсэв. Элчин сайд Ж.Болтон Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэн “Монголын зэвсэгт хүчин Америк цэргүүдтэй олон жил мөр зэрэгцэн тэмцэж байгаа, хоёр талын харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Шанахантай уулзахаар Пентагон хүрэлцэн ирлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Пентагонд хүрэлцэн ирэхэд ноён П.Шанахан АНУ-ын Нийслэл Вашингтоны цэргийн хүрээний хүндэт харуулын хамт угтан авч, хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авав. Уулзалтын эхэнд ноён П.Шанахан Монгол Улс ардчилалыг үлгэрлэгч орон, бүс нутгийн болон олон улсын түвшинд нээлттэй, чөлөөт орны эрх үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэгч улс, олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өөрийн чадах хэмжээнээсээ илүүгээр амжилттай үүрэг гүйцэтгэж байдагт АНУ-ын зүгээс машид ихээр талархаж байдаг, тиймээс ч АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пенс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрснийг тэмдэглэж байсан, бид Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг, цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагаа өргөжинэ гэдэгт итгэж байна хэмээн халуун дотноор хүлээн авав.

Энэхүү уулзалтын дараагаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Үндэсний гвардын дарга генерал Ж.Генгиелтэй уулзаж, Мужийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Аляска мужийн Үндэсний гвардтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа, цаашид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мужийн үндэсний гвардын үйл ажиллагаанаас суралцах, хамтран ажиллах хэрэгцээ байгааг талууд тэмдэглэв.

Түүнчлэн өнөөгийн хүрсэн амжилтаа ахиулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлага байгааг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлов.

Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны бүрэлдэхүүн оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын дөрөв дэх айлчлал бөгөөд хамгийн сүүлд буюу 2011 оноос хойш тасалдаад байсан юм.Энэхүү айлчлал нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын дөрөв дэх айлчлал бөгөөд хамгийн сүүлд буюу 2011 оноос хойш тасалдаад байсан юм.

Удаан хугацаагаар тасалдаад байсан батлан хамгаалахын сайдын айлчлалыг дахин сэргээж, өндөр дээд хэмжээнд хүлээн авсан үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.