Б.Баярсайхан:

Японд бэлтгэгдсэн инженерүүдийн түрүүч эх орондоо ирээд байна


5 минут уншина
Б.Баярсайхан: Японд бэлтгэгдсэн инженерүүдийн түрүүч эх орондоо ирээд байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж, Японы Үндэсний Технологийн коллежид суралцсан анхны 21 залуу төгсөгчид эх орондоо ирээд байна. Энэ талаар төслийн удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.

- “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хойш хэрэгжээд 5 жилийн хугацаанд ямар үр дүн гарч байна вэ?

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталсан Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт 7.5 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онуудад хэрэгжүүлэхээр тусгасан. Албан ёсны нэр нь энэ боловч олон нийтийн дунд “Мянган инженерийн төсөл” гэдэг нэрээрээ танигдсан байдаг.

Энэ төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг.

Төслийн хүрээнд Коосэн хөтөлбөрт 200 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 320 оюутан инженерээр суралцах болно. Түүнээс гадна монгол инженерийг эх орондоо бэлдэх чадварлаг багш нарыгаа энэ төслийн хүрээнд сургаж, Магистр, Докторын хөтөлбөрт 160, зэргийн бус хөтөлбөрт 325 багш судлаачид хамрагдах юм.

Боловсролын салбарт анх удаа инженер, технологийн чиглэлд хүний нөөцийг бэлтгэхэд дорвитой хөшүүрэг болж буй энэхүү төсөлд Монголын талаас БСШУСЯ, МУИС, ШУТИС, Японы талаас ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Японы Үндэсний Технологийн Хүрээлэн болон хамтарсан судалгаанд оролцож байгаа 40 гаруй их сургуулиуд хамтран ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар, Коосэн хөтөлбөрөөр Япон Улсад 115 оюутан суралцаж үүнээс анхны элсэлтийн 21 залуу амжилттай суралцан, төгсөөд эх орондоо ирээд байна. Коосэн хөтөлбөр нь сүүлийн 60 гаруй жил амжилттай хэрэгжиж, өнөөгийн Япон Улсын хөгжил дэвшилд гол үүргийг гүйцэтгэсэн инженерүүдийг бэлтгэсэн юм.

Японд тус хөтөлбөрийг дүүргэсэн нэг оюутанд 20-30 ажлын байрны санал ирдэг. Анхны төгсөгч нарт маань ч монголын аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрын саналууд нилээн их ирж байна. Мөн бакалаврын хамтарсан хөтөлбөрт 107 оюутан хамрагдаж байгаагаас ирэх онд анхны төгсөгчид ирэх юм. 

- Та өнгөрөгч 3 дугаар сард Япон Улсад ажлын айлчлал хийж, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хэрэгжилттэй танилцаж, тус улсад суралцаж байгаа оюутнуудтай уулзаад ирсэн. Айлчлалын үр дүнгээс танилцуулна уу?

2019 оны 3 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон улсад айлчилж 1000 инженер төслийн Япон дахь хэрэгжилттэй өөрийн биеэр танилцлаа. Айлчлалын үеэр төслийн хугацааг нэг жилээр сунган хэрэгжүүлэх санамж бичгийг ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай байгуулж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Үүний үр дүнд төсөлд нэмэлт санхүүжилт хийхгүйгээр, өөрөөр хэлбэл уг төслийн анхны зээлийн дүнд ямар ч өөрчлөлт орохгүйгээр 120 оюутан нэмж сургахаар боллоо. Төслийн удирдах хорооны санаачилгыг дэмжиж, энэ боломжийг олгосон ЖАЙКА байгууллагад талархаж байна. 

Энэ төслийн үр шим нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоол, “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой хувь нэмрээ оруулна гэж харж байна.

Цаашилбал манай багш судлаачид аж үйлдвэрийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөгжүүлсэн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулж, гарааны компани байгуулах зэргээр Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт бодит мэдлэгийн хувь нэмрийг оруулж эхлээд байна.

-Төсөлд хамрагдахыг олон хүүхэд хүсэж байгаа байх. Энэ жил сүүлийн элсэлт юм байна. Шалгалт, сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг вэ?

2015 оноос хойш жил бүрийн 4-5 сард 21 аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд урьдчилсан сорил авдаг. Үүнийг бүх аймагт нэг өдөр зэрэг зохион байгуулдаг. Энэ сорилд тэнцсэн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физикийн хичээлээр 650 ба түүнээс дээш оноо авснаар хөтөлбөрт хамрагдах эрхтэй болдог.

Коосэн хөтөлбөрт хамрагдах оюутан 1.5 жил, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хувьд 2.5 жил ШУТИС-д мэргэжлийн суурь чадваруудад суралцахын сацуу Япон хэлийг богино хугацаанд чанартай эзэмшээд, Япон талын багш нарын шалгаруулах  шалгалт, сорилд тэнцвэл Япон Улсад суралцах эрхтэй болно. 

Японд суралцах хугацаанд нь Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөр, нэг удаагийн ирж очих замын зардал дээр нэмээд сар бүрийн амьжиргааны тэтгэлэг авдаг. Тэд 2-3 жил суралцаад эх орондоо эргэн ирж, 5 жилийн хугацаанд ажиллах гэрээтэйгээр Япон улс руу явж суралцаж байгаа юм.

Би сая Японд айлчлах хугацаандаа төслийн шугамаар суралцаж байгаа ирээдүйн инженер оюутан залуустайгаа уулзаж, нэг ёсондоо тэднийг “эргэх” боломж гарсан. Тэдний ихэнх нь аймаг, орон нутгаас шалгалтад тэнцэн, суралцаж байгаа оюутнууд байсан.

Онцгойлон хэлбэл Нагаока Коосэнд суралцаж байгаа П.Номин маань сургуулиа төгсөөд төрөлх нутаг Говь-Алтай аймгийн цахилгаан станцад ажиллаж, орон нутгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулна гэж ярьж байсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Мөн манай анхны элсэлтийн Токио Коосэнийг төгсөгч Ц.Энхгэрэл маань 65 жилийн түүхтэй Коосэн сургуулийн төгсөлтийн үйл ажиллагаанд төгсөгчдийг төлөөлж үг хэлсэн хамгийн анхны гадаад оюутнаар сонгогдсон тухай сонсоод маш их бахархсан.

Би тэнд байгаа хүүхдүүддээ “сайн инженер болохоос гадна япон хүний хариуцлагатай, сахилга баттай зан чанараас суралцаж, мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн хүмүүс болж ирээрэй” гэж захисан. 

Нэгэнт Монгол Улсын засгийн газар зээл авч хэрэгжүүлж байгаа төсөл учраас бид эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг, зорилготой хүүхдүүдийг элсүүлж авахыг зорьж байна. Тийм ч утгаараа бидний итгэлийг даасан Монгол улсын ирээдүйн хөгжлийг цогцлоох инженерүүд, мэдлэгт суурилсан хөгжлийг манлайлагчид бэлтгэгдэж байгаа гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно.

- “Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдсан анхны 21 төгсөгч эх орондоо ирээд байна. Эдгээр залуус дэлхийн боловсрол эзэмшээд ирж байна. Эх орон нь тэдний мэдлэгийг хэрхэн ашиглах вэ?

Аж үйлдвэржилт, инноваци, инженер технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж яваа Япон улсад энэ чиглэлийн мэдлэг, чадвар эзэмшсэн 20 гаруйхан настай шижигнэсэн сайхан залуу инженерүүд ирж байна. Тэд маань эх орондоо ихийг хийж, бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа.

Монгол Улсын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж, Ерөнхий сайд Аж үйлдвэрийн зөвлөлийг өөрөө ахлан ажиллаж байна. Японд бэлтгэгдэж байгаа инженерүүд маань аж үйлдвэржилт, томоохон бүтээн байгуулалтын гол хүч, хүний нөөц нь байх болно.

- Япон Улсын инженер, технологийн чиглэлийн сургуулиудыг төгсөөд ирж байгаа эдгээр залуус болон компаниудад зориулсан ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. Өдөрлөгт ямар компаниуд оролцох вэ?

Төслийн анхны төгсөгчид, үндэсний аж ахуйн нэгжүүдэд зориулж “1,000 инженер” ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийн үеэр Япон Улсын Коосэн технологийн коллежид суралцсан анхны төгсөгчдөө хүлээн авч, ажлын байранд зуучлах үйл ажиллагаа болно.

Мөн эдгээр оюутнуудад ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцуулах эрхийг гардуулах үйл ажиллагаа болох бөгөөд олон нийтэд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг таниулан, сурталчилах томоохон арга хэмжээ болж байна.

- Ярилцсанд баярлалаа.