Х.Нямбаатар: Эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг аль хэдийнэ эрх чөлөөтэй болгочихсон байх ёстой
2019.04.10

Х.Нямбаатар: Эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг аль хэдийнэ эрх чөлөөтэй болгочихсон байх ёстой

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь бичлэгээр тогтоогдсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүдэн шүүсэн тухай долоо хоног шуугиад л нам жим болчихлоо. Энэ нь манайд л их энгийн үзэгдэл шиг байгаа юм. барууны орнуудад ийм асуудал гарсан л бол арга хэмжээ авч таарна. Аль хэдийнэ тухайн ажиллагаанд оролцсон хүмүүсийг цагдан хорьж, эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг эрх чөлөөтэй болгочихсон байгаа. Өнөөдөр бид үүнийг ердийн үзэгдэл мэт хүлээж авч болохгүй. Сая томилогдсон Улсын ерөнхий прокурорт шинээр үүссэн нөхцөл байдлаа бичээч гэхэд судалж үзнэ гэсэн ерөнхий хариулт өгч байна лээ. ийм байдалд бид ч, нийт иргэд ч дасчихжээ. Хүнийг зодож, занчиж хэрэг хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр гарснаас хойш тогтоогдсон л бол үүнийг шинэ нөхцөл байдал гэж үзнэ. Саяын үйл явдлаас өөр юуг шинэ нөхцөл байдал гэх юм бэ. Хууль зүйн сайд байсан хүн нь ч “Энэ хэрэг биш” гэж ярилаа шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах тухай асуудлыг ч ярих бололтой. Яг ямар тодорхой өөрчлөлтүүд орох бол?

- Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүхтэй хэт хамаарал бүхий байгаа. бид цаашид Европын загварыг авах ёстой юм.

Ер нь бол шүүх эрх мэдлийг болоод шүүхийн органик хуулиудыг шинэчлэх эрх нь өнөөдөр хууль тогтоогчдод байгаа. Заавал Үндсэн хууль өөрчлөхгүйгээр шүү дээ. Тэртэй тэргүй Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн зохицуулалтыг хийх боломжийг хууль тогтоогчдод үлдээчихсэн юм. Тиймээс Засгийн газар өнөөдөр ажлаа хийх ёстой байна. Бид тогтолцоог өөрчлөөгүй хэрнээ энд байсан томилгооны эрхийг тэр хүнд шилжүүлчихээд цаашдаа гажуудал гарахгүй гээд суугаад байж болохгүй. Бид хэдий чинээ шударга шүүхтэй болно, төдий чинээ гадны хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирна.

Хэдэн шүүгчид, цагдаагийн дээд албан тушаалтнуудыг хооронд нь зодолдуулаад гадны хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулдаг байдлыг Салхитын мөнгөний ордын жишээн дээрээс харлаа шүү дээ. Ийм хууль бус тогтолцоо яваад байна. Хэрвээ шүүх, засаглал нь шударга, нээлттэй, тоглоомын дүрэм нь ойлгомжтой бол гадны хөрөнгө оруулагчид манайд орж ирж л таарна.

Дээрээс нь манайхан далайлган сүрдүүлдэг, эд хөрөнгийг нь булааж авдаг тогтолцоогоор яваад байна.

Мөн бид тусгай хяналтын байгууллагуудыг нэг талдаа гаргаж авахгүй бол Тагнуулын байгууллагыг удирдаж байгаа хүмүүс улстөрчдийг дарамталдаг тогтолцоо руу орох нь. АНУ-д яг ийм байсан гэдэг. АНУ-ын Холбооны мөрдөх товчоог 48 жил удирдсан эрхэм “Би энэ улстөрчдийг дөрөв, дөрвөн жилээр нь томилдог юм” гэж шоглож хэлсэн байдаг. Ийм байдал руу орохоос сэргийлж бид энэ асуудлыг нэг талдаа гаргах хэрэгтэй.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог УИХ тогтоох тэр эрхийг олж авахаар яригдаж байна. Миний хувьд одоогийн өөрчлөлтийг реформын шинжтэй биш гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг ахалж байгаа Д.Лүндээжанцан дарга болон бусад хүмүүс “Огцом өөрчлөлт хийх цаг нь биш” гэдэг байр суурьтай хандаж байна. Бид тоглоомынхоо дүрмийг тогтох ёстой юм. Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэхээ энэ өөрчлөлтөөр шийдэх ёстой. Хувь хүнийхээ хувьд би дээрх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж боддог. Өнөөдрийн засаглалтай байгаа тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн байгаа сонгуулийн системийг өөрчлөхөд маш түвэгтэй. Учир нь нэг хэсэг нь жагсаалтад бичигдэнэ гэнэ, мөн тойрогт очиж өрсөлдөх сонирхолтой хүмүүс ч байна. Эргээд яг адилхан эрх мэдэлтэй УИХ-ын гишүүд байгаа хэрнээ хүлээх үүрэг хариуцлагын хувьд ондоо болчихно. Нэг нь тойроггүй, сонгуульд өрсөлддөггүй, намын жагсаалтад бичигдчихдэг

байх жишээтэй. Хэрэв бид цаашдаа парламентын засаглалтай явъя гэж бодож байгаа бол хоёр танхимтай болох, эсвэл одоогийн парламентыг өргөтгөх ёстой. Тэгэхгүй бол 20 хүний лоббигоор хууль батлагддаг асуудлууд гарах болно. Хоёр танхимтай байгаад, нэг нь том тойргийн системээр, нөгөөх нь орон нутгийн төлөөллийн заримыг хангасан байдлаар явах хэрэгтэй.

Сэтгүүлч, О.Ариунаа