Ё.Баатарбилэг: Бага ангийн хүүхдийн ачааллыг бууруулах талаар сайд нар огт анхаараагүй
2019.04.10

Ё.Баатарбилэг: Бага ангийн хүүхдийн ачааллыг бууруулах талаар сайд нар огт анхаараагүй

Монголын мэдээ сонин, Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч) 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Хувийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүх­дүүдээс шалгалт авдаг байд­лыг зогсоох гэнэ. Тэр дундаа шал­гал­тын хураамж авч байгааг болиу­лах шийдвэр гаргалаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөөч?

-Өмчийн хэлбэр хар­гал­зах­гүй­гээр зургаан нас хүрсэн хүүх­дүүдийг ямар нэг уралдаант шал­гаруулалтгүйгээр оруулах ёстой гэж үзэж байгаа. Тийм тушаал гарсан. Сүүлийн жилүүдэд хувийн өмчийн Ерөнхий боловс­ролын сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд авахдаа 40, 50 мянган төгрөгийн хураамж авч, бүртгэдэг. Улмаар уралдаант шалгаруулалт хийж, цөөхөн хүүхэд сонгож авдаг болсон. Үлдсэн нь тэр сургуульд орж чадахгүй шүү дээ. Энэ чинь нэг талаасаа бизнес болчихлоо. Зарим сургууль хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Яагаад 50-60 хүүхэд л авахын тулд 1000-ыг бүртгэх ёстой юм. Тэгээд ч зургаан настнууд гэдэг чинь дөнгөж цэцэрлэгээс сургуульд орох гэж байгаа хүүхдүүд. Тэр бяцхан хүүхдүүд ямар шалгалт өгөх ёстой юм бэ гэдэг асуудал байна. Энэ асуудлыг цэгцэлж, журамлахгүй бол болохгүй байсан. Тиймээс ч сайдын тушаал гарлаа. Хоёрдугаарт, зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Гэтэл эрдэмтэн, судлаачид хүүхдийг сурах ёстой үед насанд нь тохирсон сургалтын арга барилаар сурга гэдгийг хэлээд байгаа. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ хэт багаас нь сургуульд оруулдаг. Хүүхэд ачааллаа даахгүй, суралцах хүсэл сонирхол буурах зэрэг олон сөрөг нөлөө гарч байна. Тиймээс Боловсролын хуулийнхаа дагуу зургаан настайд нь оруулдаг байя гэж шийдэж байгаа юм. Энэ жилээс зургаан нас хүрээ­гүй хүүхдийг сургуульд оруулахгүй. Энэ бол эцэг, эхчүүдээ, хүүхдээ ч бодсон шийдвэр гэж бодож байгаа. 

-Зургаан нас хүрээгүй гэхээр сараар нь тооцох юм уу?

-Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа хүүхдийг есдүгээр сарын 1-ний өдөр нэгдүгээр ангид элсүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд байсан ч оноороо нас нь хүрсэн бол нэгдүгээр ангид орж болно.  

-Зургаан настнуудыг шалгалт өгдөг байдлыг зогсооно гэсэн. Яаж зохицуулах гэж байгаа юм бэ. Хувийн сургуульд хүүхдээ оруулах сонирхолтой эцэг, эхчүүд яах билээ?

-Сургууль энэ асуудлаа янз бүрийн аргаар шийдэж болно. Эцэг, эхийн зөвлөлтэйгөө хамтраад, түү­вэр аргаар ч юм уу, шийдэх арга бий. Бид ийм аргаар хүүхдүүдээ сонгож авна. 50-60 хүүхэд л авна гэдгээ эцэг, эхчүүдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгээд нээлттэй, шударгаар сонгож авах ёстой юм. Түүнээс биш мөнгө хураагаад, олон хүнийг дугаарлуулж, завсраар нь өөрс­дөө ашиг олох маяг­аар ажиллах хэрэггүй. Бид энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө бүх талын судалгааг хийсэн. Бүртгэлээр бизнес хийдэг асуудал зөвхөн боловсролын салбарт ч байгаа юм биш. Олон салбарт ийм бизнесийн арга байна. Харин бид боловсролын салбарт байгаа бизнес хийж буй байдлыг болиулахын төлөө шийдвэр гаргалаа.  

-Журам гаргадаг ч хяналт тавьдаггүй юм шиг санагддаг. Мөнгө хурааж болохгүй, бага ангийн хүүхдүүд хонхны баяр тэмдэглэхгүй гэх мэт олон журам гаргасан. Хэрэгжиж байгаа юм алга. Одоо гаргаж байгаа дүрэм, журмын мөрдөлтийг хэн хянах вэ?

-Яамнаас гаргаж байгаа дүрэм, журам, сайдын тушаалын хэрэгжилтэд онцгой анхаарч байгаа. Олон нийт ч гэсэн маш сайн хянаж, цахим хуудсаар мэдээлдэг болчихсон. Тийм болохоор салбарын ажилтан, албан хаагчид, дарга нар маш сайн ухамсарлаж, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг сануулъя.  

-Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал гэж өгдөг. Үүнийг болиулах зохицуулалт байхгүй юм уу?

-Хувьсах зардлыг төлбөртэй нь уялдуулж, тодорхой хувиар өгч байгаа. 0-5 сая хүртэлх төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг 100 хувь 5-10 сая хүртэлх төлбөртэй сургуулиудын хувьсах зардлын 80 хувь 10 саяас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардлын 30 хувийг өгдөг. 2016 онд хувьсах зардлыг шинэчлэн тогтоосон. Байрлалаасаа хамаараад бас ялгаатай байгаа. Хуульдаа хувьсах зардал олгоно гээд заагаад өгчихсөн. Бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс өгдөг хувьсах зардлын мөнгөний шатлалыг бууруулах ямар боломж байгааг судалж байна. Бүр болиулах боломж одоохондоо алга. Хуульдаа л өөрчлөлт оруулахгүй бол. Боловсролын багц хуулийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг хөндөж ярина. Нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Хувийн цэцэрлэг, сургуулиуд төрийн үүрэх ачааг хуваалцаж байгаа. Хэрвээ тэр сургууль, цэцэрлэг байхгүй бол яах билээ. Төр л сургууль, цэцэрлэгээр хангах үүрэг­тэй болно. Тийм учраас хувийн гэдгээр нь хэт их дайрч болохгүй. Гол нь хувьсах зардлыг өндөр төлбөртэй сургуульд өгөх шаардлага байна уу гэдэг шүүмжлэл гараад байгаа юм. Тиймээс бид судалж байгаа. 

-Нурах эрсдэлтэй сургууль, цэцэрлэгийн барилга олон байгаа гэсэн мэдээлэл бий. Хэчнээн сургууль, цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй болсон бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Боловсролын салбарт тулгамдаж байгаа гол зүйл нь сургууль, цэцэрлэг, спортын цогцолборын барилгын их засвар. Сүүлийн жилүүдэд маш их засвар хийх хүсэлт ирсэн. Манай яаманд гэхэд энэ жил 147 тэрбум төгрөгийн засвар хийх хүсэлт ирчихээд байна. Улсын хэмжээнд 1050 цэцэрлэгийн барилга байгаагаас 150 нь 45-аас дээш жилийн насжилттай. 90 сум есөн баллын газар хөдлөлтийн бүсэд байгаагаас 45-аас дээш жилийн насжилттай 17 цэцэрлэгийн барилга тухайн бүсэд байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1026 барилгын 60 хувь буюу 616 нь 30-аас дээш жилийн насжилттай байгаа. 30-аас дээш жилийн насжилттай барилга байшинд зайлшгүй их засвар хийх ёстой байдаг. Ямар материалаар хийснээс шалтгаалаад заримыг нь шинээр барихаас өөр аргагүй. 1055 спортын барилга байгууламжаас 146 нь 45-аас дээш жилийн насжилттай.  Уг нь жил бүр шинэ сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байгаа хэдий ч олон жил болсон барилгуудыг засахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг сайн хийхгүй бол болохгүй байна. Шинээр бариад байдаг, хуучин нь муудаад нурах гэдэг. Маш олон сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргачихсан. Даваа гарагт манай яамныхан МАН-ын бүлгийн хуралд оролцож, энэ чиглэлээр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдэд танилцуулсан. 2020 оны улсын төсөвт их засварын мөнгө суулгаж өгөх хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хангахад анхаарах цаг болжээ гэдгийг гишүүдэд тайлбарласан. Ирэх жил төсөвт энэ чиглэлийн хөрөнгийг суулгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. 

-Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгдөггүй юм уу. Жил бүр урсгал засвар хийх гэж байгаа гээд эцэг, эхчүүдээс мөнгө татдаг. Багадаа 30, цаашлаад 40, 50 мянган төгрөг хавар болгон өгч байна шүү дээ?

-Улсаас бараг мөнгө өгдөггүй. Энэ жил гэхэд 147 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн. Гэтэл төсөвт суулгаагүй. Ингээд л багш нар анги танхимаа засах гээд эцэг, эхэд ханддаг. Сургууль, цэцэрлэгт эцэг, эхийн зөвлөл гэж байгаа. Эцэг, эхийн зөвлөлийн хурлаа хийгээд, шийдвэрээ гаргаад, хүүхдүүдийнхээ орчин нөхцлийг сайжруулъя гэж ярьдаг. Улс, орон нутаг мөнгө өгөхгүй учраас анги танхимаа засъя гэдэг юм байна. Үүнийг хуулиар хориглох боломжгүй. Түүнээс биш эцэг, эхчүүдээс мөнгө авч сургууль, цэцэрлэгээ зас гэж даалгавар өгдөггүй шүү. Яамнаас ч тийм чиглэл өгдөггүй. 

-Боловсролын системийн өөрч­лөлтийг хийх хэрэгтэй байна. Бага ангийн хүүхэд 10 гаруй кг хүнд цүнх үүрч байгаа. Бага ангийн хүүхдэд маш  их даалгавар өгдөг гээд шүүмжлэл их гарч байна шүү дээ?

-Бид энэ бүх асуудлыг бага багаар засахын төлөө хичээж байна. Хүүхдүүд маш хүнд номуудыг үүрээд л явж байгаа. Гэхдээ өргөс авсан юм шиг засч амжихгүй. Маш олон жил ингэж яваад ирсэн. Өмнөх үе үеийн сайд нар үүнд огт анхаараагүй. Би шууд хэлнэ, огт анхаараагүй, хүүхдүүдийн ачааллыг нэмээд л яваад байсан. Би хувьдаа хүүхэд долоон настай сургуульд ороод, 11 жилээр төгсөх ёстой гэж боддог. Одоо зургаан настай ороод, 12 жилээр төгсч байна. Богино хугацаанд энэ системийг өөрчлөөд, бужигнуулах нь эрсдэлтэй. Бүр сууриар нь өөрчилж, хуульд нь оруулж, удаан хугацаа­нд мөрдөгдөхөөр өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Дахиж хүүхдүүдээр тогломооргүй байна. 

-Стандартын шаардлага хангах­гүй 40 тонн сурах бичиг байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ сурах бичгүүдийг хаана хадгалж байгаа юм. Шатааж, устгаж ч болохгүй байгаа гэсэн үнэн үү. 50-60 тэрбум төгрөгийн сурах бичиг байгаа гэсэн?

-Хүний буруугаас болсон юм биш. Бага ангийн хүүхэд болон эмзэг бүлгийнхний сурах бичгийг төрөөс үнэгүй хангаж байгаа. Сурагч тухайн жилээ хэрэглэчихээд буцааж өгдөг. Дараа жил нь дараагийн хүүхдүүд хэрэглэж, сургууль хадгалаад байж байдаг. Тэр сурах бичгийн талаар яриад байгаа юм. Зарим нь эхнээсээ муудаж байгаа нь мэдээж. Төсвөөс мөнгийг нь гаргаж хэвлэсэн сурах бичиг учраас төрийн өмч гэж явна. Тиймээс шууд устгаж болохгүй, заавал зөвшөөрөл авах ёстой. Ийм л учиртай юм. Түүнээс биш хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод сурах бичиг муудаад, хэрэглэгдэх боломжгүй болчихсон юм биш. Энэ жилээс бид сурах бичгийн хангалтад анхаарна. Шинээр нөхөн хангалт хийнэ. Мөн шинэ сурах бичгүүдийг хүүхдүүдэд хүрэлцээтэй байхаар хэвлэхээр хөөцөлдөж байгаа. Хэрвээ энэ бүтвэл есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангалтыг нэмэгдүүлэх боломжтой гэж бодож байгаа. 

-Их, дээд сургуулиудын тоог цөөлж, чанаржуулна гэж та ярьсан. Тоог цөөлөхөөр чанар нь сайжрах уу?

-Одоогоор 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 14 их, дээд сургууль магадлан итгэмжлэгдээгүй байгаа. Магадлан итгэмжлэгдэхгүй байна гэдэг нь өөрөө тухайн сургуульд суралцаж буй оюутнуудын эрхийг зөрчиж байгаа хэрэг. Тэр сургуульд суралцаж байгаа оюутнуудын диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй гэсэн үг. Боловсролын хуулиар магадлан итгэмжлэгдэх үүрэгтэй. Тэгэхээр хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Тийм болохоор энэ сургуулиудын асуудлыг нэн түрүүнд авч үзнэ. Яамнаас их, дээд сургуулиудад шалгалт хийсэн. Хэд хэдэн сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Эрх зүйт нийгэмд амьдарч байгаа юм бол хууль ижил тэгш л үйлчлэх ёстой юм. Үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол хуулийнхаа дагуу асуудлыг нь шийднэ. Ийм л байр суурь барьж ажиллана.