2019.04.10

Б.Батзориг: Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт усны хангамж гэдэг маш чухал

Өнөөдөр /2019.04.10/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ бол маш чухал хууль. Тиймээс энэ дээр маш анхааралтай хандах ёстой. Газар тариалан хөдөө аж ахуйн салбарт бол усны хангамж  гэдэг маш чухал.

Энэ төлбөрийн асуудлыг яах юм бэ? Өнөөдөр газар тариаланг усалгаатай болгож хөгжүүлье гэж бид нар яриад байгаа. Тэгж байж бид иргэдээ хүнсээр улаан буудай, гурилаар хангана. Өнөөдөр хуулиараа бол газар тариалангийн усалгааны асуудал дээр төлбөр нь чөлөөлөгдсөн байгаа. Энэ чигээрээ явна гэж харж байгаа.

Бэлчээрийн усан хангамж, малын ундны усны асуудал. Өнөөдөр статистик тоогоороо бол 4000 гаруй худаг шаардлагатай байна. Энэ бүхнээс төлбөр аваад чангалаад байвал  малын ундны усны асуудал хүнд байдалд орно шүү.