Сарангэрэл.Д 2019.04.10 | Vip76.mn

Д.Сарангэрэл: Хүүхдийн шүдний цооролтыг бүрэн эмчилнэ

Д.Сарангэрэл: Хүүхдийн шүдний цооролтыг бүрэн эмчилнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ хэмээн мэдэгдсэн юм.  Энэхүү хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэх болсноо Салбарын Сайд мөн тайлбарлалаа.


Д.Сарангэрэл сайд дараах мэдээллийг өглөө.

"Монгол улсын хэмжээнд 18 хүртэлх насны 1 сая хүүхэд бий. Тэдний дунд шүд цооролтын судалгаа явуулсан. Судалгаагаар аймаг, орон нутгаасаа хамаараад 84-96 хувь нь шүд цооролттой гэсэн дүн гарсан.Үүнээс нэг хүүхдийн шүдний цооролтыг авч үзвэл дунджаар 6-8 шүд ямар нэг байдлаар өвчлөлтэй байгаа юм. Хэрэв бид энэ асуудлыг анхаарахгүй бол удахгүй шүдний цоорол, түүнээс үүссэн өвчлөлтэй бүхэл бүтэн нэг үе бий болгох эрсдэл байсан. 

Мөн судалгаагаар 18 настай залуусын дунд судалгаа хийхэд 33.5 хувь шүд нь ямар нэгэн асуудалтай байна гэсэн дүн гарчээ. Тийм учраас энэ хөтөлбөр онц чухал ач холбогдолтой.

2-12 насны хүүхдүүдээ улсын төсвөөр санхүүжүүлэн шүдний цоорлыг бүрэн эмчлэх зорилт тавьж байгаа. Мөн энэ хөтөлбөрөөр нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлууд давхар явагдах юм. 

2019-2023 он хүртэл 5 жил хэрэгжих энэ хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний гарааны төсөв болох 4,6 тэрбум төгрөг 2019 оны улсын төсөвт суугдсан. 

Энэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Хөтөлбөрийн хяналт цахим хэлбэрээр явагдана. Нэг хүүхдэд 60 мянган төгрөгөөр тооцож байгаа. Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагатайгаа бүрэн ойлголцсон. 

Эхний ээлжит бид 2-6 насных хүүхдүүдийнхээ шүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулна. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 онд шүдний цооролын шинэ тархалтыг 30 хувь бууруулна гэж тооцож байна. 

Нийт 199 эмнэлэг үйлчилнэ. Үүнээс Улаанбаатарт 115 эмнэлэг байгаа.