ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
2019.04.10

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.04.10) 10 цаг 11 минутад гишүүдийн  52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд "Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Үндэсний аудитын газрын 2018 оны тайланг судалсны дараа 2019-2020 оны  сэдэв батлах асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг хойшлуулах, энэ асуудлаар тогтоолын төсөл бэлтгэж батлуулах Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Мөн уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасангаар ахлуулж, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.